Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, шатахууны хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдалд арга хэмжээ авах төлөвлөгөөг танилцуулсан тухай УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллээ.
БНХАУ-аас шатахуун авахаар мөнгөө төлсөн аж ахуйн нэгжүүдийн шатахууныг яаралтай татан авах асуудлаар ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаад БНАХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газар, ЭСЯ-дууд хамтран уулзалтуудыг хийж байна. Тэр дундаа, Бээжин хотод сууж байгаа манай Элчин сайд тодорхой цагуудад БНХАУ-ын ГХЯ, Худалдааны яам, Төмөр замын төв компаниудад албан бичиг хүргүүлж уулзалт товлоод байгаа аж. Хөххотын боловсруулах үйлдвэр вагоныг төмөр замд тавьсан тохиолдолд шатахууныг тээвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хөххотоос Улаанбаатар хүртэл энгийн үед вагон 10-14 хоног явдаг. Тиймээс ЗТХЯ, ГХЯ-ны харьяа байгууллага, БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагуудын харилцан уялдааг эрчимжүүлж энэ хугацааг 5-7 хоног болгох төлөвлөгөөтэй байгааг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллийн үеэр тэмдэглэв. Ингэснээр, Жининь өртөө, Эрээнхот, Замын-Үүдийн шингэн бүтээгдэхүүний шилжүүлэн ачих газарт саатахгүйгээр ирэх боломж бүрдэх юм.
Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бөгөөд үүний 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог байна. Ингэхдээ ОХУ-ын Роснефть компаниас сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 автобензин импортлох гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг аж. Гэтэл тус компанийн гол нийлүүлэгч Ангарскийн нефтийн комбинатад засвар хийгдэж байгаагийн зэрэгцээ цар тахлын нөхцөл байдлаас хамаарч есдүгээр сард 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч ОХУ-ын Роснефть компани манай улсад есдүгээр сарын 16 хүртэл 7400 тонн АИ-92 автобензин нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл шатахууныг нийлүүлэх боломжгүйгээ өчигдөр илэрхийлжээ.
Манай улс есдүгээр сарын шатахууны тогтмол хэрэгцээгээ хангахын тулд дотоодын таван аж ахуйн нэгж БНХАУ-ын Чайна ойл компанитай гэрээ байгуулсан байна. Тодруулбал, Петровис, Шунхлай, Магнай трейд, Содмонгол, Лекс ойл зэрэг компани гэрээ байгуулан шатахууны нэг сарын нөөц бүрдүүлэх 50 мянган тонн буюу 1037 вагон АИ-92 автобензин худалдан авахаар мөнгөө шилжүүлж вагоны кодоо баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын дутуу нийлүүлсэн шатахууны үлдэгдлийг БНХАУ-аас авахаар төлөвлөж байсан юм. Хятадын талаас Монгол руу их хэмжээний ачаа барааг яаралтай татан авах ажлыг эрчимжүүлж байгаа тул төмөр замд вагон тавих боломжгүй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нөхцөл байдлаас хамаарч манай аж ахуйн нэгжүүд өчигдрөөс автобензиний хэрэглээнд хязгаарлалт тавиад байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар шатахууны хомсдол үүсэх нөхцөлд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг УУХҮ-ийн сайдад даалгасан байна.