Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр /2020.03.13/ хэвлэлийн бага хурал хийж УИХ-ын дарга асан З.Энхболдод хамаатай хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэсэн юм. Тэгвэл дараа нь “Страто” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг Л.Наранбаатарын мэдээлэлд тайлбар, няцаалт хийлээ.
“Страто” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг:
-Би “Страто” ХХК-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч А.Баттүшиг байна. Эдийн засагч Л.Наранбаатар гэдэг хүн сүүлийн хэдэн сар манай компанийн талаар худал мэдээллийг тарааж гүтгэх боллоо. Иймд хариу няцаалт хийж байна.“Страто” ХХК-ийг би 2015 онд үүсгэн байгуулж, 2017 онд Хятад түншүүдтэйгээ хамтран судалгаа хийж нүүрс угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон. З.Энхболдын төрсөн дүү бид хоёр найз гэдэг нь үнэн. Мөн бид хамтдаа хоёр ч компанийг хувааж эзэмшдэг нь үнэн. Гэхдээ З.Энхболд гэдэг хүнтэй ямар ч хамаагүй. Бид энэ төслөө хэрхэн яаж эхлүүлсэн, хөрөнгөө яаж босгосныг цагдаа, тагнуул нь шалгаад тогтоох байх. Хууль бус зүйл байхгүй учраас нуугаад, айгаад байх зүйл байхгүй.
Манай компани нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ-гээ 2017 оны аравдугаар сард батлуулаад нээлтээ 2019 оны есдүгээр сард хийж байлаа. Тэр үйл явдлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд ч очиж сурвалжилж байсан. Уг үйлдвэрийг 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон. Нүүрс угаах үйлдвэрийг барихад гарсан хөрөнгө оруулалтыг нөхөж дуусах хүртэл татварын тогтвортой байдлын гэрчилгээг улсаас өгсөн олгосон. Түүнээс биш “Бороо гоулд” шиг татвараас чөлөөлөгдөнө, хөнгөлөгдөнө гэсэн зүйл байхгүй. Манай компани “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрсийг үнэгүй аваагүй. Дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр дүн буюу нэг тонн нүүрсийг 72 ам.доллараар худалдан авсан. Харин тэгэхэд БНХАУ-ын “Чалко” компани нэг тонн нүүрсийг 55 ам.доллараар авч байгаа. Намайг НӨАТ-ын татвар төлдөггүй гэж Л.Наранбаатар гүтгэлээ. Манай компани НӨАТ төлсөн. Бүр 3.2 тэрбум төгрөгийн НӨАТ төлсөн. Уг нь бол экспортын бүтээгдэхүүнд НӨАТ бодогдох ёсгүй. Манай компани нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдан аваад түүнийг 26 ам.доллараар тээвэрлэдэг. Угаахад 5 ам.долларын зардал гарна. Угаасны дараа шороо, чулуу хог хаягдал нь хасагдахаар цэвэр нүүрсний хэмжээ тодорхой хэмжээнд багасдаг. Угаасан нүүрсээ Замын-Үүд рүү долоон ам.доллараар тээвэрлэхээр ашиг гэх зүйл үлддэггүй.
Харин ч бүр алдагдалтай ажиллаж байгаа. Тэгэхэд Л.Наранбаатар намайг нугалсан ашиг олж байгаа мэтээр гүтгэн дайрч байна. Тэр хүн эдийн засагч өөрийгөө хэлдэг боловч ярьж байгаа нь эдийн засагч шиг биш байгаа. Манай компани Л.Наранбаатарын хэлсэн шиг өм цөм ашиг олсон зүйл байхгүй. Харин ч алдагдалтай байсан учраас 100 гаруй ажилтнаа арга буюу халсан. Манай компани руу илт гүтгэн дайраад эхэлмэгц БНХАУ-ын хөрөнгө оруулагчид маань болгоомжлоод хөрөнгө оруулалтаа зогсоочихсон байгаа. Мөнгө хийж баяжаад байсан зүйл байхгүй.