/RT/. “Apple” компани “iPhone”, “iPad”, “Apple Watch” төхөөрөмжүүдийнхээ үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар болох “iOS 15”, “iPadOS 15”, “watchOS 8” -ыг албан ёсоор гаргажээ.
Ухаалаг гар утасны “iOS 15” шинэ үйлдлийн системд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, “iPhone” утасны үйлдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн сайжруулалт хийгджээ. Видео дуудлага хийх зориулалттай “FaceTime” хавсралтад гадны дуу чимээг тусгаарлаж, хэрэглэгчийн дуу хоолойг илүү тод болгож өгснөөс гадна, видео дуудлагын үеэр хэрэглэгчийн арын хэсэг бүдгэрч, нүүр царай нь тодрох аж. Түүнчлэн “FaceTime”-аар холбогдох үед “SharePlay” үйлдлийн тусламжтай дүрс бичлэг, дуу, дэлгэцэн дээрх дүрслэлийг хуваах боломжтой юм.
Шинэ хувилбар мөн "Focus" үйлдэлтэй болсон бөгөөд энэ нь ажиллах үед анхаарал төвлөрлийг сайжруулахад тусалдаг байна. Энэ функц нь анхаарал сарниулах хавсралтуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар унтраадаг аж.
Шинэ үйлдлийн системд “Бүү саад бол” үйлдлийг нэвтрүүлж, ингэснээр ямар горим дээр тавьснаас хамаарч бүх мэдэгдлийг хүлээж авах эсэхээ сонгох боломжтой болжээ.
"iOS 15" мөн шинэ загвартай болжээ. "Камер" аппликейшн нь зураг дээрх текст, объектуудыг таних боломжтой болж, "Газрын зураг", "Түрийвч", "Цаг агаар" зэрэг хавсралтууд сайжирсан байна.
Зураг хавсралтад зургуудыг төрөлжүүлэх, хайх үйлдлүүдийг сайжруулсан байна. Үүнээс гадна “Дурсамж” хэсэгт “Apple Music”-ээс дуу нэмж оруулж болно.
Шинэ “iPadOS 15” үйлдлийн системтэй “iPad” таблетад “widget” ашиглах боломжтойгоос гадна хоёр хавсралтыг нэгэн зэрэг ажиллуулах зорилгоор дэлгэц хуваах горимыг дэмждэг болсон байна.
“WatchOS 8.0”-д хэрэглэгчийн нойроо авах хугацаанд тавих хяналт сайжирч, зүрхний цохилтын давтамжийг хэмжих замаар хөдөлгөөний идэвхтэй байдлын үзүүлэлтүүдийг нарийн тодорхой гаргах аж.