ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ багассанаас ШТС-ууд хязгаартай үйлчилж байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлд зарим шатахуун түгээх станц ажиллахгүй байгаа бол зарим нь АИ92, АИ95 бензинийг хязгаартай худалдаж байна.

Тухайлбал, өчигдөр оройн 23.00 цагийн байдлаар ихэнх ШТС хаалттай байсан бол "Петровис" компанийн хотын төвийн ШТС-ууд зөвхөн өөрийн карт эзэмшигч болон талонтой үйлчлүүлэгчдэд АИ92, АИ95 бензинийг 30 хүртэл мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй олгож байв. Харин АИ98 бензинийг 3500 төгрөгийн үнээр худалдаж байлаа. Бусад ШТС ч гучин мянган төгрөгөөс илүү үнийн дүнгээр бензин олгохгүй байгаа аж.

Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын холбогдох албан тушаалтнууд албан ёсны тодорхой тайлбар өгөөгүй байна. Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй, үүнээс АИ92 бензин 21, дизелийн түлш 35, АИ80 бензин 45 хоног, онгоцны түлш зургаа, долоо хоногийн нөөцтэй байгаа тухай тус байгууллагын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 14-нд хэвлэлийн хурал хийхдээ мэдээлж байсан билээ.

Газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани жил бүрийн найм, есдүгээр сард урсгал засвар хийдгээс есдүгээр сард Монголд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг багасгадаг тухай тэрбээр дурдаж байсан юм.

Сэтгэгдэл бичих