Германы Канцлерт нэр дэвшигчдийн гурав дахь мэтгэлцээн болжээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлерт нэр дэвшигчдийн гурав дахь телевизийн мэтгэлцээн ням гарагт боллоо.

Уг мэтгэлцээнд Социал-Демократ намаас нэр дэвшигч, Сангийн сайд Олаф Шольц ялсныг “Forsa” хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 42 хувь нь Шольцыг мэтгэлцээний ялагч гэж үзсэн бол 27 хувь нь Христийн Ардчилсан холбоо ба Христийн Нийгмийн холбооны консерватив эвслээс нэр дэвшигч Христийн Ардчилсан холбоо намын удирдагч Армин Лашетад саналаа өгчээ. Харин “Ногоон” намаас нэр дэвшигч Аннален Бербок 25 хувийнх нь саналыг авсан байна.

90 минут орчим үргэлжилсэн мэтгэлцээний үеэр нэр дэвшигчид уур амьсгал, цалин хөлс, коронавирустэй хийх тэмцэл, боловсрол, эрчим хүч, шилжилт хөдөлгөөн, дотоодын аюулгүй байдлын асуудлаар ярилцжээ. Өмнөх мэтгэлцээнүүдийн нэгэн адил олон улсын сэдвүүдийг хөндөөгүй байна.

Нэр дэвшигчдийн телевизийн эхний мэтгэлцээн наймдугаар сарын 29-нд, хоёр дахь нь есдүгээр сарын 12-нд болсон байна. Хоёр мэтгэлцээний дараа үзэгчид мөн л Сангийн сайд Олаф Шольцыг ялагчаар нэрлэжээ.

Германы парламентын сонгууль есдүгээр сарын 26-нд болно. Сонгуульд ялсан нам /эвсэл/ Засгийн газраа байгуулах эрхтэй болох юм. Тус улсын одоогийн Канцлер Ангела Меркель Христийн Ардчилсан холбоо ба Христийн Нийгмийн холбооны эвслээс Засгийн газрын тэргүүний албан тушаалд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл бичих