/Bloomberg/. “Bloomberg” агентлаг жил тутам гаргадаг дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтаа танилцууллаа.
Уг жагсаалтыг дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох “Walmart”-ын эзэн Уолтоны гэр бүл 238.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө тэргүүлжээ. Уолтонынхны хөрөнгө сүүлийн нэг жилд 23 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Сэм Уолтон “Walmart” -ыг 1962 онд үүсгэн байгуулжээ. Одоо уг сүлжээ дэлгүүр дэлхий даяар арван мянга гаруй дэлгүүртэй бөгөөд жилийн орлого нь 559 тэрбум ам.доллароос давсан байна. Компанийн хувьцааны 48 хувийг Уолтоны гэр бүл эзэмшдэг байна.
Жагсаалтын эхний аравт мөн
- шоколад үйлдвэрлэгч “Mars” компанийг эзэмшигч Марсын гэр бүл 141.9 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө,
- Америкийн нефть, хийн “Koch Industrues” корпорацийг удирддаг ах дүү Дэвид, Чарльз Кох нар. Тэдний хөрөнгө 124.4 тэрбум ам.доллароор үнэлэгджээ,
- 111.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Францын “Hermes” загварын ордныг эзэмшдэг Эрмэгийн гэр бүл,
- хөрөнгө нь 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй Саудын Арабын хааны гэр бүл,
- Энэтхэгийн “Reliance Industries” нефтийн компанийн эзэд болох Амбанигийн гэр бүл. Амбанигийн гэр бүлийн хөрөнгө 93.7 тэрбум ам.доллароо үнэлэгдсэн байна,
- Францын “Chanel” загварын ордныг эзэмшигч Вертхаймерын гэр бүл 61.8 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө,
- Америкийн “Fidelity Investments” менежментийн компанийн эзэд болох Жонсоны гэр бүл /61.2 тэрбум долларын хөрөнгөтэй/,
- “Thomson Reuters” медиа компанийн эзэн Томсоны гэр бүл. Тэдний хөрөнгө 61.1 тэрбум доллароор үнэлэгджээ,
- Германы “Boehringer Ingelheim” эмийн компанийг эзэмшдэг Берингерийн гэр бүл 59.2 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тус тус багтжээ.
Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн тоонд мөн Германы “Aldi” хөнгөлөлттэй дэлгүүрийн эзэд болох Альбрехтийн гэр бүл, Францын нисэх онгоц үйлдвэрлэгч “Dassault Systemes” компанийг эзэмшигч Дассогийн гэр бүл, BMW концернын эзэн Квандтын гэр бүл орсон байна.
Жагсаалтад багтсан гэр бүлүүдийн нийт хөрөнгө 1.7 их наяд доллароор үнэлэгдсэн нь жилийн өмнөхөөс 22 хувиар (312 тэрбум ам.доллар) өссөн үзүүлэлт ажээ.