Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 8 сард 14956 болж, өмнөх оны мөн үеэс 3044 (16.9%)-өөр багассан байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2733 (26.5%),
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 230 (4.6%),
- Дээрэмдэх гэмт хэрэг 148 (43.5%),
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 119 (18.4%),
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 114 (23.9%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 190-ээр буюу 96.4 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний 8 сард 110.8 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 45.5 тэрбум төгрөг байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 8 сард 903 болж, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдсэн хэрэг 29.0 хувиар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 5 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 9 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 6.5 хувиар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 1.3 хувиар тус тус багассан байна.
Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2021 оны эхний 8 сард 10 041 болж, өмнөх оны мөн үеэс 791 (7.3%)-ээр багассан бол нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 434 (4.3%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 1711 (17.0%) нь эмэгтэйчүүд байна.