БНХАУ, БНСУ хоёр талын харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо

оруулсан Алсын Хараа

 /Xinhua/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон тус улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар лхагва гарагт уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.

Мүн Жэ Ин БНСУ БНХАУ-тай дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалж, ард түмэн хоорондын харилцааг өргөжүүлж, эдийн засаг, худалдаа, байгаль орчныг хамгаалах чиглэлд улам бүр үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байгаагаа Ван Итэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэжээ.

Мөн БНСУ 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадмыг зохион байгуулахад БНХАУ-ын талыг дэмжиж буйн сацуу Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох чиглэлд гаргаж буй БНХАУ-ын хувь нэмэрт талархаж буйг илэрхийлээд, Хятад улс Солонгосын хойгтой холбоотой асуудалд үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэв.

Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, хоёр орон дипломат харицаа тогтоосны 30 жилийн ойг хоёр талын харилцааг улам хөгжүүлэхэд түлхэц өгөх боломж болгох хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэжээ.

Ван И лхагва гарагт мөн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чун Ый Ёнтой уулзсан бөгөөд талууд хоёр орны Гадаад хэргийн сайд нарын харилцаа холбооны тогтмол механизмыг бий болгохоор тохиролцсон байна.

Тодруулбал, талууд хоёр орны Гадаад хэргийн яамд хоорондын дээд түвшний стратегийн яриа хэлэлцээний шинэ үе шат болон дипломат ажиллагаа, аюулгүй байдлын асуудлаарх "2+2" хэлбэрийн яриа хэлэлцээг ойрын хугацаанд зохион байгуулахаар санал нэгджээ.

Энэхүү уулзалтын үеэр Ван И, хоёр орон 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш БНХАУ-БНСУ-ын харилцаа шинэ өндөр дээд түвшинд хүрч, улам боловсронгуй хийгээд тогтвортой болсныг онцлон тэмдэглэсэн байна.

“Хоёр орон харилцан ашигтай үр дүнд хүрээд зогсохгүй олон улс, бүс нутгийн үйл хэрэгт энх тайван, тогтвортой байдлыг хамгаалагч, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжигчийн үүрэг гүйцэтгэж байна” гэж тэрбээр нэмж хэлэв.

Олон улсын нөхцөл байдалд томоохон өөрчлөлт гарсан нөхцөлд хоёр орон хамтын нийгэмлэгийн талаарх ойлголтоо улам бүр бэхжүүлж, нийтлэг ашиг сонирхлоо үргэлжлүүлэн өргөжүүлж, хамтын ажиллагааны боломжоо ашиглах ёстой бөгөөд ингэснээр хоёр орны харилцааг сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж Ван И хэллээ.

“COVID-19”-ийн гарал үүслийг улстөржүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа БНХАУ-ын хувьд цар тахалтай тэмцэх чиглэлд БНСУ-тай хамтын ажиллагаагаа гүнгийрүүлэхэд бэлэн байгааг тэрбээр мөн онцолжээ.

Мөн БНХАУ хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулах ажлыг түргэтгэж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаарх хэлэлцээг түргэвчилж, БНХАУ-БНСУ-ын Соёлын солилцооны жилийг амжилттай зохион байгуулах хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Ван Игийн хэлснээр, хоёр орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүс нутгийн болон дэлхий нийтийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй, тогтвортой байдлыг хамтран хангах, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг товлосны дагуу хүчин төгөлдөр болгоход хувь нэмрээ оруулах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжтой.

Үүний хариуд Чун Ый Ён, хоёр орон хоёр талын харилцааны хөгжлийг шинэ түвшинд гаргахын төлөө дээд түвшний хэлхээ холбоогоо үргэлжлүүлэн бэхжүүлж, цар тахлын эсрэг хамтран тэмцэж, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, шинэ материалын салбарын хамтын ажиллагаагаа гинзгийрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Мөн БНСУ вирусний гарал үүслийн судалгааг нээлттэй, ил тод байдлаар явуулахыг дэмжиж буй бөгөөд энэ асуудлыг улс төржүүлэхийн эсрэг байр суурьтай байна хэмээн нэмж хэлэв.

Ван И, Чун Ый Ён нар мөн олон улс хийгээд бүс нутгийг хамарсан харилцан сонирхсон асуудлуудаар санал бодлоо солилцсон байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлалынхаа үеэр мөн БНХАУ-БНСУ-ын харилцааны ирээдүйн хөгжлийн хорооны БНСУ-ын талын дарга Лим Жэ Жүнтэй уулзжээ.

Сэтгэгдэл бичих