Сычуаньд 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

оруулсан Алсын Хараа

Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Лужоу хотын Лушянь тойрогт өнөө өглөө 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас гурван хүн амиа алдаж, 60 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн гурав нь хүнд гэмтсэн гэдгийг хотын Онцгой байдлын уршгийг арилгах товчооноос мэдээлсэн байна.

Хятадын Газар хөдлөл судлалын төвийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 4:33 цагийн орчимд газар хөдөлсөн бөгөөд голомт нь хойд өргөргийн 29.2 хэм, өмнөд уртрагийн 105.34 хэмд, 10 км-ын гүнд байжээ.

Мужийн засаг захиргааны баталсны дагуу Сычуанийн газар хөдлөлтийн тусламжийн газар яаралтай тусламж үзүүлэх хоёрдугаар түвшний арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.

Газар хөдөлсний дараа Лужоуд яаралтай тусламж үзүүлэх нэгдүгээр түвшний арга хэмжээ авч, аврах ажиллагаанд 3000 орчим хүнийг дайчилжээ. Тийнхүү оршин суугчдыг түр байрлуулах майхнуудыг тойргийн Фужи сууринд барьсан байна.

Мөн харилцаа холбооны зарим суурь станц, каблиуд доголдсоноос гадна Лужоугийн хурдан галт тэрэгний буудлын үйл ажиллагааг түр зогсоосон талаар холбогдох албанаас мэдээлжээ.

Үүнээс гадна нүүрсний бүх уурхайн газар доогуурх ажиллагааг зогсоож, босоо аман дахь уурхайчдыг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Сычуанийн газар хөдлөл судлалын газрын дэд дарга Жан Живэйн мэдээлснээр, энэ удаагийн газар хөдлөлт нь Хуаин уулын хагарлын бүсэд болсноороо мужийн хэмжээнд өмнө нь болж байсан Вэньчуань, Лушанийн газар хөдлөлтөөс ялгаатай ажээ.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр энэхүү бүсэд илүү хүчтэй газар хөдлөлт болохгүй хэмээн үзэж байгаа ч чичирхийллүүд мэдрэгдэж магадгүй байна.

Сэтгэгдэл бичих