АНУ-д коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

оруулсан Алсын Хараа

АНУ-д коронавирусний халдвар анх илэрснээс хойш өнөөдрийг хүртэл халдварын 40.8 сая гаруй тохиолдол батлагдаж, 655172 хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мэдээлжээ. Түүнчлэн энэ сарын эхний долоо хоногийн байдлаар нийт 379 сая гаруй тун вакцин тарьсан байна.

АНУ-д вакцинжуулалт ямар түвшинд байна вэ?

Одоогийн байдлаар насанд хүрсэн хүн амын 81.4 хувь буюу 210 сая орчим америкчууд вакцины эхний тунг хийлгэсэн бол ойролцоогоор 179 сая хүн коронавирусний вакцинд бүрэн хамрагджээ. Вакцинжуулалт нь халдвар их тархсан муж улсуудад тохиолдлын тоог бууруулахад нөлөө үзүүлж байгаа бөгөөд одоогоор 25 муж улсын иргэдийн 60 орчим хувийг вакцинд бүрэн хамруулжээ.

Тус улсад өдөрт дунджаар 779698 тун вакцин тарьж байгаа бөгөөд дархлаажуулалтын түвшин энэ хэвээр үргэлжилбэл ирэх дөрвөн сарын хугацаанд нийт хүн амынхаа 75 хүртэлх хувийг вакцинд бүрэн хамруулах боломжтой хэмээн үзжээ.

Коронавирусний вакцин хийлгэсэн хүн амыг насны бүлгээр авч үзвэл:

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, тус улсын 75 ба түүнээс дээш насны хүн амын 84.99 хувь нь /19.1 сая гаруй хүн/  вакцины эхний тунг хийлгэсэн бол 75.47 хувь буюу 16.9 сая гаруй иргэн вакцинд бүрэн хамрагджээ.

Насны бүлэг Вакцины эхний тунд хамрагдсан хүн амын тоо Вакцинд бүрэн хамрагдсан хүн амын тоо
75 ба түүнээс дээш нас 19,120,702   /84.99 %/ 16,979,376   /75.47 %/
65-74 нас 27,972,704   /88.59 %/ 24,843,549   /78.68 %/
50-64 нас 47,255,081   /75.09 %/ 41,277,592   /65.59 %/
40-49 нас 26,788,453   /66.01 %/ 22,766,573   /56.1 %/
25-39 нас 39,106,339   /57.19 %/ 32,365,934   /47.33 %/
18-24 нас 16,535,713   /54.08 %/ 13,305,741   /43.52 %/
16-17 нас 4,377,458   /52.21%/ 3,505,154   /41.81%/
12-15 нас 7,543,908   /44.63%/ 5,624,898   /33.28 %/
12 хүртэлх нас 201,557   /1 %/ 123,956   /1 %/

Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэлд, энэ сарын 1-ны байдлаар тус улсад өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо дунджаар 167600 байсан бол мөн сарын 12-ны байдлаар өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын долоо хоногийн дундаж тоо 144300 орчим болж буурсан байна. Энэ нь өмнөх долоо хоногт илэрсэн халдварын дундаж тооноос 12 хувиар буурсан үзүүлэлт юм.

Энэ долоо хоногт дунджаар 100600 орчим америкчууд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Уг үзүүлэлтийг долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад хоёр хувиар буурсан хэмээн тус улсын Эрүүл мэнд, нийгэм хамгаалын яамнаас гаргадаг долоо хоног тутмын мэдээлэлд дурджээ.

Хэвтэн эмчлүүлж буй хүн амын тоо харьцангуй буурч байгаа хэдий ч өдөрт нас барсан тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байгаа ажээ. Тус улсад өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 1600 гаруй хүн халдварын улмаас нас барсан нь сүүлийн зургаан сард бүртгэгдсэн дээд үзүүлэлт болсон юм. Халдвар авсны улмаас өдөрт нас барсан тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт дөрвөн хувиар өссөн болохыг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулжээ.

АНУ-ын муж улсуудад нөхцөл байдал ямар байна вэ?

Миссури

Миссури муж улсад халдварын тохиолдол өмнөх долоо хоногт 10 хувиар буурч, өдөрт бүртгэгдсэн халдварын тоо дунджаар 2100 орчим болсон нь өнгөрсөн сарын эхэн үетэй харьцуулахад 29 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн тоо сүүлийн хэдэн долоо хоногийн турш буурч байгаагийн зэрэгцээ мужийн хэмжээнд өдөрт бүртгэгдэж буй нас баралтын тохиолдол буурах хандлага ажиглагджээ. Миссури муж улсад өдөрт дунджаар нас баралтын 32 тохиолдол бүртгэгдэж байгааг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэлд мөн дурдсан байна.

Арканзас, Луизиана

Мөн Арканзас, Луизиана зэрэг муж улсад уг хандлага ажиглагдаж байгаа бөгөөд Арканзаст өнгөрсөн сарын 7-нд халдварын 2351 тохиолдол шинээр илэрч байсан бол одоо өдөрт дунджаар халдварын 1600 тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Луизиана муж улсад өнгөрсөн сарын мөн үед дунджаар 5839 тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо өдөрт бүртгэгдсэн халдварын дундаж тоо 2239 болж буурчээ.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, дээрх хоёр муж улсад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэдийн тоо харьцангуй буурч байгаа хэдий ч өдөрт бүртгэгдсэн нас баралтын тохиолдол буураагүй байна.

Флорида

АНУ-ын Флорида муж улсад халдварын тархалт буурч байна. Хоёр долоо хоногийн өмнө халдварын 151760 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол энэ долоо хоногт дунджаар 100249 тохиолдол бүртгэгджээ. Тус муж улсад өнгөрсөн долоо хоногт 2448 хүн нас барсан нь долоо хоногт халдварын улмаас нас барсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн АНУ-ын бусад муж улсад халдварын “Дельта” хувилбарын тархалт нэмэгдсэн хэвээр байгаа юм.

Баруун Виржини

Баруун Виржини муж улсад шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо дээд хэмжээнд хүрч, өдөрт дунджаар халдварын 1800 тохиолдол бүртгэгдэж байгаа ажээ. Долоодугаар сарын 5-ны өдөр Баруун Виржинид халдвар авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 52 байсан бол даваа гаргийн байдлаар нийт 852 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.  Мөн хугацаанд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн тоо 17-267 болж эрс нэмэгдсэн байна. Тус муж улс вакцинжуулалтын түвшнээрээ улсдаа тэргүүлж байсан боловч энэ үзүүлэлт буурчээ. Одоогоор мужийн хэмжээнд оршин суугчдын 39 хувийг вакцинд бүрэн хамруулаад байна гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгджээ.

Баруун Виржинид коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдүүдийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд муж улсын 51 тойрог болон бусад олон их сургуулиудад амны хаалтыг зүүхийг шаардсан хэвээр байна.   “Сүүлийн үед тус муж улсад вакцинжуулалтын түвшин дахин нэмэгдсэн нь эмнэлгийн ачааллыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна”  гэж Баруун Виржини Мужийн Их Сургуулийн дэд захирал, доктор Клэй Марш хэлжээ.

Кентукки

Кентукки муж улсад халдварын тархалт өндөр хэвээр байна. “Өнгөрсөн сарын 30-аас энэ сарын 5-ны хооронд халдварын 30680 тохиолдол шинээр илэрсэн нь долоо хоногт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон” гэж тус мужийн захирагч Энди Бешеар энэ сарын 7-нд хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.

Теннесси

Теннесси муж улсад өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол долоодугаар сараас хойш тасралтгүй өсөж байна. Тодруулбал, 12 дугаар сард муж улсын хэмжээнд өдөрт халдварын 9627 тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 7600 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэж Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэлд дурджээ. Шинжээчдийн үзэж буйгаар, Коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдахгүй бол улс орон даяар илүү хүндрэлтэй нөхцөл байдалд орохоор байгаа ажээ.

"Хэрэв бидэнд коронавирусний эсрэг вакцин байгаагүй байсан бол халдварын болоод нас баралтын илүү олон тохиолдолтой нүүр тулах байлаа. Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авах боломжтой хэдий ч хүнд хэлбэрээр өвдөх, эмнэлэгт хэвтэх, халдварын улмаас нас барах магадлал вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад хамаагүй бага юм. Тиймээс вакцины тусламжтайгаар олон арван мянган хүний амийг аварч байна” хэмээн Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн эмч Касадевалл дурджээ.

Түүнчлэн Колумбид энэ оны нэгдүгээр сард анх илэрсэн коронавирусний “Мю” хувилбар АНУ-ын бүх  муж улсад тархсан байна.  Коронавирусний “Мю” хувилбар нь “Дельта” хувилбараас илүү халдварлах чадвартай юм. Энэ сарын эхээр дэлхий даяар “Мю” хувилбарын 5659 тохиолдол бүртгэгдсэнээс 2436 тохиолдол нь АНУ-д бүртгэгджээ. АНУ-ын Калифорни муж улсад “Мю” хувилбарын хамгийн олон тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ тус улсад долоодугаар сарын дунд үеэр коронавирусний “Мю” хувилбарын тархалтын оргил үе тохиожээ.

Сэтгэгдэл бичих