Учиртай уурлавал “залуугаараа” байна

оруулсан Алсын Хараа

Стресс, бухимдал гэдэг “мангас” орчин цагийнхны хамгийн том асуудал. Их хотын дуу чимээ, цаг хугацаатай уралдаж ажилладаг “галзуу” хэмнэл, цаг уурын өөрчлөлт, орчны бохирдол гэхчилэн шалтгаан, нөхцөл байдал хүний уур бухимдлыг барж, улмаар депресс буюу сэтгэцийн гүн хямралыг бий болгодог.

Ийм сөрөг нөлөөллийн улмаас хүн эрт хөгширч, нас богиносдог болохыг олон улсын эрдэмтэн, судлаачид хэдийнэ баталсан. Тиймээс хүн өөрийгөө орчны нөлөөллөөс хамгаалж, уурлаж, бухимдахгүй байхыг зөвлөдөг. Тэгвэл бухимдал дандаа сөрөг үр дагавар авчирдаггүй, бие махбодийн хөгшрөлтийн эсрэг тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ. Нобелийн шагналд нэр дэвшиж байсан хэсэг эрдэмтэн сүүлийн 10 гаруй жилийнхээ судалгаанд тулгуурлан ийнхүү мэдээлжээ.

Хачирхалтай мэт санагдах ч тэдний баталж буйгаар бага зэрэг бухимдаж, стресстэхэд тархины үйл ажиллагаа эрчимжиж, бодисын солилцоо нэмэгдсээр бие махбодийн эс, эдүүд хурдан сэргэж, нөхөгддөг аж. Бүр нарийвчлан хэлбэл, уурлах үйл явц хүний хромосом болон ДНХ-д нөлөөлдөг байна. Ингэснээр хөгшрөх явцыг сааруулдаг гэсэн байна.

Хамгийн чухал нь уурлаж, бухимдахаа хэтрүүлж болохгүй. Тэгэхээр хүн уур гэдэг зүйлийг хянах л хэрэгтэй гэсэн үг аж. Тэгэхээр уурлаж, бухимдахдаа хүртэл учиртай байж, ухаалаг хандсанаар хөгшрөлтийг тодорхой түвшинд бууруулж болно гэдгийг тэд хэлээд буй гэнэ. Уурлах нь галзуурахын хагас гэж монголчууд ярьдаг даа. Хагас “галзуурал” бас тустай байж мэдэх нь ээ.


Сэтгэгдэл бичих