Монгол Улсад бензиний нөөц тодорхой хэмжээнд багассан болохоос хомсдол үүсээгүйг Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр сэтгүүлчдэд мэдээллээ.
Улсын хэмжээнд одоогоор газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй, үүнээс АИ92 автобензин 21 хоног, дизелийн түлш 35, АИ80 бензин 45 хоног, онгоцны түлш зургаа, долоо хоногийн нөөцтэй байна.
“Гадуур хомсдол үүсээгүй, нөөц тодорхой хэмжээнд багассаны улмаас зарим аж ахуйн нэгж хязгаарлалт хийсэн байна. Бид аль болох хязгаарлахгүй, нөөцийг байгаагаар нь худалдаалахыг зорьж байгаа”-г тэрбээр тэмдэглэв.
Газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани жил бүрийн найм, есдүгээр сард урсгал засвар хийдгээс есдүгээр сард Монголд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг багасгадаг. Үүнтэй холбоотойгоор зөрүүг БНХАУ-ын “Чайна ойл”, “Петрочайна” компаниас авахаар ЗТХЯ, ГХЯ, АМГТГ, Гаалийн ерөнхий газартай хамран ажиллаж байгаа аж.
“Энэ оны есдүгээр сард импортолсон бензиний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс тонн тутамд 34 ам.доллароор багассан байгаа. Хомсдол үүсэж, үнэс өснө гэдэг нь ташаа мэдээлэл. Нөөц тодорхой хэмжээнд багассан ч яам, агентлаг арга хэмжээ авч байна. ОХУ-аас өнгөрсөн хоёр сард АИ95 бүтээгдэхүүн нийлүүлээгүй ч БНХАУ-аас зохицуулалт хийж авсан. Үнэ нэмэгдэх нөхцөл, үндэслэл байхгүй. Тодорхой хэмжээнд нөөцийн хоног багассан” гэдгийг Ц.Эрдэнэбаяр онцолж байлаа.
Өчигдөрийн байдлаар нийслэлийн 71 ШТС-аас 13 нь буюу хөдөлгөөн багатай, хотын захын газруудад худалдаа хийхгүй байв. АМГТГ-аас бензин импортлогчдод бүтээгдэхүүнийхээ үнийг 100 төгрөгөөр багасгах шаардлага тавьдаг ч аж ахуйн нэгжүүд 30 мянган тонн шатахуун ороод ирвэл буулгана гэсэн тайлбар өгчээ.