/NHK/. Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлаар НҮБ-ын бага хурал даваа гарагт хуралдаж, оролцогч орнууд нийт нэг тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ.
Швейцарын Женев хотод болсон уг сайд нарын түвшний бага хуралд дэлхийн олон орны Засгийн газрын төлөөлөгчид оролцсон байна.
“Олон арван жил үргэлжилсэн дайн, зовлон зүдгүүрийн дараа афганчууд “хамгийн аюултай цаг үе”-тэй тулгарч байж болзошгүй юм” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хурлын үеэр хэлжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди Афганистаны нийслэл Кабул хотоос цахим хэлбэрээр уг бага хуралд оролцож, илүү олон афганчууд орон гэргүй болох эрсдэлтэй гэдгийг анхааруулсан байна.
Уулзалтын үеэр АНУ 64 сая орчим ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлажээ.
“Олон улсын хамтын нийгэмлэг Афганистан улсын бүрэн эрхт байдлыг хүндэтгэн тус улсыг тайван замаар сэргээн босгоход тодорхой үүрэг гүйцэтгэж чадна” гэж БНХАУ-ын төлөөлөгч онцлон тэмдэглэв.
Түүнчлэн БНХАУ хоол хүнс, вакцин болон шаардлагатай бусад тусламжийг илгээнэ хэмээн амласан бол Япон улс 65 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.