Япон улсын нийслэл Токио хотноо 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд зохион байгуулсан “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсын баг тамирчид спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойж, хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн билээ.
Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын XXXII наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тус олимпод өрсөлдсөн 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, харин медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан.
Тодруулбал, Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг жинд барилдсан Иран гаралтай Саид Моллай хүртсэн бол олимпын хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д хүчээ сорьсон Б.Болортуяа нар тус тус хүртэж Төрийн далбаагаа Токиогийн тэнгэрт мандуулсан юм.
Монгол Улс дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 135 дугаарт жагсдаг 3,4 сая шахам цөөн хүн амтай хэдий ч өнөөдрийн байдлаар зуны олимпын 14 наадмаас 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийтдээ 30 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Ийнхүү Монгол Улс, олимпын медаль хүртсэн үзүүлэлтээр 133 орноос 65 дугаарт байрт орж байгаа юм.
Монголын баг тамирчид олимпын наадамд оролцож эхэлсэн 57 жилийн түүхэндээ нийт 15 зуны олимп болж байсан бөгөөд үүнээс 2 олимпын //Токио-1964”, “Сидней-2000”/ наадмаас медальгүй ирж байжээ. Харин 1984 оны Лос-Анжелест болсон олимпын наадамд хоёр системийн зөрчлөөс үүдэн оролцоогүй юм.
Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын баг тамирчид “Токио-1964” олимпын наадамд анх хөл тавьж медальгүй ирж байсан бол 57 жилийн дараа дахин “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөн ийнхүү 1 мөнгө, 3 хүрэл медальтай эх орон ирсэн билээ.
Токиогийн олимпын XXXII наадмаас 16 хоногийн дараа энэ хотод болсон “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд /2021.08.24-09.05/-д Монгол Улсын баг тамирчид таеквондо /2/, пауэрлифтинг /1/, байт харваа /2/, жүдо /3/, хөнгөн атлетик /2/, буудлага /1/ гэсэн спортын 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 нийт 11 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарлаа.
Олимп болон Паралимпын наадам дэлхийн улс орнуудад тархсан “Ковид-19” цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилж 5 жилийн завсарлагатай болсон юм.
Япон улсын нийслэлд хүсэн хүлээсэн тус паралимпын их наадам 13 өдөр үргэлжилсэн бөгөөд “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдаас пауэрлифтингийн төрөлд 107 кг-ын жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болж монголчуудаа баярлуулсан.
Мөн паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-д хүч үзсэн Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д өрсөлдсөн Х.Энхтуяа нар паралимпын шагналт байр эзэлсэн юм.