/Kyodo/. Дэлхий дахины цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт ирэх 15 жилийн хугацаанд 11 дахин өснө хэмээн урьдчилан таамаглаж буйгаа Японы “Fuji Keizai” зах зээлийн судалгааны фирм мэдээлэв.
Тодруулбал, 2035 он гэхэд дэлхий даяарх бүрэн цахилгаан тээврийн хэрэгслийн тоо 24.18 саяд хүрэх төлөвтэй байгаа бол тухайн онд хий, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн тоо 13.59 сая, бусад хос хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн тоо 11.42 саяд хүрэх төлөвтэй байна.
“Цахилгаан тээврийн хэрэгслийн үнэ буурч, цэнэглэх станцын тоо нэмэгдсэнээр ийм тээврийн хэрэгслийн эрэлт хэрэглээ өсөх бөгөөд ирэх он гэхэд эрэлтийн хэмжээ нь хос хөдөлгүүрт тээврийн хэрэгслийнхээс давах магадлалтай байна” гэж “Fuji Keizai” мэдээлжээ.
Дэлхийн томоохон зах зээл бүхий улс орнууд дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд дорвитой алхмуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай хоблоотойгоор автомашины үйлдвэрлэлийн салбар эрс өөрчлөлттэй тулгарах болоод буй юм.
Тухайлбал, Европын Холбоо 2035 оноос дотоод шаталтын хөдөлгүүр бүхий шинэ тээврийн хэрэгсэл худалдаалахыг хориглох зорилт тавиад байна. Түүнчлэн Япон, БНХАУ зэрэг бусад томоохон эдийн засгуудын хувьд ч мөн тухайн үеэс ижил шийдвэрийг хэрэгжүүлэх хандлагатай байна.
Тийнхүү автомашин үйлдвэрлэгч компаниуд бизнесийн шинэ төлөвлөгөөнүүдээ танилцуулж эхлээд байгаа юм. “Toyota Motor” компанийн хувьд 2030 он гэхэд цахилгаан, хос хөдөлгүүртэй автомашины цэнэг хураагуурыг хөгжүүлэх ажлыг түргэтгэхэд 2030 он гэхэд 1.5 их наяд иен /14 тэрбум ам.доллар/ зориулна гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
Үүний зэрэгцээ цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтын өсөлт нь Европ, Хятадын зах зээлээс ихээхэн хамаарах төлөвтэй байгаа бөгөөд эдгээр зах зээл нь 2035 он гэхэд дэлхийн ийм тээврийн хэрэгслийн зах зээлийн 74 хувийг эзлэх урьдчилсан тооцоо гарсан байна.
Тухайлбал, Хятад дахь цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт 2020 оноос хойших 15 жилийн хугацаанд 9.2 дахин нэмэгдэж, 9.36 саяд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд түүний дийлэнхийг боломжийн үнэтэй тээврийн хэрэгсэл эзлэх хандлагатай байна.
Мөн Европын автомашин үйлдвэрлэгчид хэрэглэгчдэдээ санал болгох цахилгаан автомашины загваруудаа улам өргөжүүлэхийн зорьж буйтай зэрэгцэн тус тивд 2035 он гэхэд бүрэн цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт 8.51 саяд буюу 2020 оныхоос 10.6 дахин нэмэгдэх тооцоотой байна.
Шведэд төвтэй “Volvo” компанийн хувьд 2030 он гэхэд дан цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаална гэдгээ мэдэгдээд байгаа юм. Мөн “Jaguar Land Rover” компани тансаг зэрэглэлийн “Jaguar” брэндийн автомашинуудаа 2025 оноос бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болгохоор төлөвлөж байгаа билээ.