/BBC/. Америкийн дуучин Бритни Спирс удаан хугацааны турш үерхэж буй найз залуу Сэм Асгаритайгаа сүй тавьснаа зарлажээ. Тэрбээр сүйн бөгжөө харуулсан дүрс бичлэгээ “Instagram” хуудсандаа нийтэлсэн байна.
Б.Спирс хувийн амьдрал, санхүүгийнх нь аль алинд хяналт тавих асран халамжлах эрхтэй холбоотой 13 жил үргэлжилсэн хуулийн маргааныг эцэслэхээр тэмцэж буй юм.
Шүүх сэтгэцийн эрүүл мэндийнх нь асуудалтай холбогдуулан дуучинд хараа хяналт тавих эрхийг 2008 онд олгосон бөгөөд Б.Спирсийн мэдээлснээр, холбогдох зохицуулалтуудын дагуу түүнийг С.Асгаритай гэрлэх, дахин хүүхэдтэй болох боломжийг хязгаарлаж байжээ.
Өдгөө 27 настай С.Асгари нь хувийн дасгалжуулагч, жүжигчнээр ажилладаг байна. Тэрбээр сүйн бөгжөө харуулсан зургийг мөн “Instagram” хаягтаа нийтэлжээ. Хос 2016 онд клипний зураг авалтын үеэр танилцаж байжээ. С.Асгаригийн менежер Брэндон Коэн сүйн талаарх мэдээллийг “People” сэтгүүлд батлан мэдэгдсэн байна.
Өдгөө 39 настай Б.Спирсийн хувьд өмнө нь хоёр удаа гэрлэж байжээ. Өнгөрсөн долоо хоногт дуучны аав Жейми Спирс Лос-Анжелес хотын шүүхэд асран хамгаалах эрхээсээ татгалзаж буйгаа илэрхийлсэн баримт бичгийг хүргүүлжээ. Б.Спирс түүний хараа хяналтыг цуцлуулах хүсэлтийг өнгөрсөн хоёр жилд хоёр удаа гаргасан байна.