“Чингис хааны өв, соёл” I, II, III боть, Монголын нууц товчоог гадаадын 30 гаруй хэлээр орчуулсан үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ.
Чингис хаан өв соёлын хүрээлэн нь анх 2019 оны 9 дүгээр сарын 9-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд анх Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдан Соёлын яамны харьяанд ажиллаж байна.
Чингис хаан өв соёлын хүрээлэн захирал, доктор Н.Саруул хэлэхдээ, “Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Чингис хааны өв, соёл” боть I, II, III цуврал бүтээлийн нээлт, “Монголын нууц товчоон” ном хэвлэлийн үзэсгэлэн өнөөдөр “Norphei art” үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийж байна.
Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа нь Монголын Үндэсний номын сан болон Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хаан болон Монголын Эзэнт Гүрний үед хамаарах ховор нандин түүхийн сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Чингис хааны өв, соёл” I, II, III ботид багтааснаараа онцлог юм.
Эхний боть 2020 онд, сүүлийн хоёр боть энэ онд хэвлэлтэд орсон бөгөөд цаашид энэхүү судалгааны ажлыг улам гүнзгийрүүлж, цуврал бүтээлүүдээ үргэлжлүүлэн хэвлэнэ” гэлээ.