Монголын боксын холбооны Удирдах зөвлөл Спортын төв ордонд өнөөдөр /2021.09.09/ хэвлэлийн хурал хийлгэж, холбооны үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, Монголын боксын холбоо /МБХ/-ны дэд ерөнхийлөгч М.Бадар-Ууган тус хурлын үеэр хэлэхдээ, “МБХ өнгөрсөн ням гарагт/2021.09.05/ ээлжит бага хурлаа хийж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг ерөнхийлөгчөөр сонгосон. Мөн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнбилэг, ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр Ж.Энхтөр багш томилогдсон. Олимпоос медальгүй ирсэндээ уучлал гуйж байна. “Парис-2024” олимп 2 жил хагасын дараа болно. Бид бүхэн олимпын алтан медаль авна гэсэн зорилготой байгаа. Шигшээ багийн тамирчин хүн багш болон өрсөлдөгч тамирчдаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг. Боксчин хүн маш их сахилга баттай байх ёстой. Тамирчин Э.Цэндбаатар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь мэдэгдсэн тул арга хэмжээ авсан. Энэ үйл явдал Парисын олимпыг зорих тамирчдад хатуу сануулга, ташуур болж байгаа байх” гэж онцолсон юм.
Монголын боксын холбооны шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Э.Сайнбилэг: Бид энэ удаагийн бага хурлаар 4 асуудлыг хэлэлцлээ. Манай удирдах зөвлөл 19 гишүүнтэй. Ирэх 10 дугаар Серби улсад болох боксын ДАШТ-д оролцох сорилгыг хийж оролцох тамирчдаа сонгон шалгаруулж удирдамжийг батлах, уг сорилго тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийг нэрсийг батлах. Мөн сорилго тэмцээнд шаардагдах төсвийг батлах, МБХ-ны багш, дасгалжуулагч, шүүгчид, тамирчдад авах арга хэмжээ, ёс зүйн хариуцлагын талаар шийдвэр гаргасан. Тус асуудлын хүрээнд, шигшээ багийн тамирчин МУГТ Э.Цэндбаатар нь удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас мөн боксын холбооны шигшээ багаас хассугай гэсэн шийдвэрийг олонхын /100 хувь/ саналаар дэмжлээ.
Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр: Спортоор тамирчин хүн гавъяа байгуулахаас гадна зөв хүн болж төлөвшиж хүмүүжих шаардлагатай. Өмнө нь зөндөө уучилсан. Тиймээс холбоо Э.Цэндбаатарыг үлгэр дуурайлал болгон бэлтгэж байгаа. Гэтэл муу үлгэр дуурайлал үзүүлээд байвал яах вэ. Ямарч гавьяат, хөдөлмөрийн баатар байсан хариуцлага хүлээх үүрэгтэй. Цаашид холбоо сахилга бат, ёс зүйг эрхэмлэн дагаж мөрддөг зарчмыг хатуу баримтална. Ийм ч явж ирсэн уламжлалтай. Тиймээс ч өчигдөр ийм шийдвэр гаргалаа. Зодоон болсон асуудлыг цагдаагийн байгууллага илүү мэдэх байх. Шигшээ багийн тамирчин Цэндбаатар шөнийн 2 цагт согтууруулах ундаа хэрэглэж зодоон хийж болохгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болох гэж байхад согтууруулах ундаа хэрэглэх нь ёс зүйгүй үйлдэл. Тэр том алдаа гаргалаа гэж мэдэгдсэн юм.