/Kyodo/. Японд “COVID-19” халдварын тохиолдлын тоо буурч байгаа боловч эмнэлгийн ачаалал их хэвээр байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар онцгой байдлын дэглэмийг сунгахаар төлөвлөж байна.
Тодруулбал, Засгийн газар нийслэл Токио тэргүүтэй бусад бүс нутагт тогтоогоод буй онцгой байдлын дэглэмийг сунгахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ хүн амын дийлэнх хувь нь вакцинд хамрагдах үеэс хязгаарлалтуудыг сулруулах төлөвлөгөө боловсруулж байна.
Японд одоогоор мөрдөж буй онцгой байдлын дэглэмийн хэрэгжих хугацаа энэ долоо хоногийн ням гарагт дуусах боловч Хоккайдо, Аичи, Осака, Фүкүока зэрэг мужид есдүгээр сарын 30 хүртэл сунгахаар төлөвлөж байгаа ажээ.
“COVID-19” халдвартай тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж арга хэмжээнүүд нь шүүмжлэл дагуулсантай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт огцрох хүсэлтэй байгаагаа гэнэт мэдэгдсэн Ерөнхий сайд Сүга Ёшихидэ албан ёсны шийдвэрийг өнөө орой танилцуулах төлөвтэй байна. Тэрбээр албан тушаалаасаа огцрох талаар мэдэгдэл хийснээсээ хойш анх удаа хэвлэлийн бага хурал хийх гэж буй нь энэ юм.
Токиод долоодугаар сарын 12-ноос эхлэн тогтоож, хожим нь хоёр удаа сунгасан онцгой байдлын дэглэмийн хүрээнд иргэдээс хүн ихтэй газарт очихоос зайлсхийхийг хүсэж байгаа бол зоогийн газруудад согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, оройн 20 цаг хүртэл ажиллах шаардлага тавьж байгаа юм.
Японд наймдугаар сарын дундуур өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо 25 мянгаас даван эрс нэмэгдсэн боловч түүнээс хойш ойролцоогоор 50 хувиар буурчээ. Гэвч халдвар хүндээр илэрсэн өвчтөнүүдийн тоо өндөр байгаагийн улмаас эмнэлгийн ачаалал их хэвээр байна.
Одоогийн байдлаар онцгой байдал тогтоосон бүс нутгийн оршин суугчдаас муж хооронд зорчихгүй байх, урлагийн тоглолт, спортын тэмцээн зэрэг 5000-аас дээш үзэгчтэй томоохон үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг хүсэж байгаа юм.
Харин Засгийн газрын боловсруулж буй төлөвлөгөөгөөр эдгээр хязгаарлалтыг ирэх 11 дүгээр сарын үеэс цуцлахаар төлөвлөж байгаа бөгөөд вакцинд бүрэн хамрагдсан, шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүст томоохон үйл ажиллагаануудад оролцохыг зөвшөөрнө.
Мөн зоогийн газрууд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бүрэн хангасан тохиолдолд согтууруулах ундаагаар үйлчлэх боломжтой байна.
Японы хүн амын 50 хүрэхгүй хувь нь вакцины хоёр тунд хамрагдаад байгаа энэ үед С.Ёшихидэ 10-11 дүгээр сард вакцин хийлгэх боломжтой бүх хүнийг вакцинжуулалтад хамруулж дуусна хэмээн амлаад байгаа юм.
Тийнхүү Засгийн газар тухайн үеэс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах боломжтой гэж үзэж байгаа бол эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалтад санаа зовниж буйгаа илэрхийлсээр байна.