/RBC/. ОХУ-ын Иргэний хамгаалал, онцгой байдлын сайд Евгений Зиничев Красноярскийн хязгаарт болсон бэлтгэл сургуулилалтын үеэр амиа алджээ. Онцгой байдлын яамнаас мэдээлж буйгаар, тэрбээр кино найруулагч Александр Мельникийг аврах гэж байгаад амиа алдсан байна.
"Онцгой байдлын сайд Евгений Зиничев Арктикийн бүсийг онцгой байдлаас хамгаалах байгууллага хоорондын сургуулилалтын үеэр албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүний амь аврах гэж байгаад харамсалтайгаар амь насаа алдлаа" гэж Оросын Онцгой байдлын яамны албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Яамнаас гаргасан дараагийн мэдэгдэлд, 55 настай сайд Арктик болон Хойд тэнгисийн замыг хөгжүүлэх тухай баримтат киноны зураг авах газрыг сонгохоор Норильск хотод ирж, сургалтын талбайд ажиллаж байсан кино найруулагч Александр Мельникийг аврах гэж байгаад нас барсан гэсэн байна.
РБК мэдээллийн цахим хуудаст эх сурвалжаасаа эш татан мэдээлснээр, Зиничев “байгууллагын зураг авалтын” үеэр хадны ирмэг дээрээс хальтирч, ус руу унасан зураг авалтын багийн гишүүнийг аврах гэж байгаад нас барсан байна. Онцгой байдлын яамны сургуулилалтын тухай киноны зургийг авч байсан гэж РБК -ийн эх сурвалж мэдээлжээ. Кино багийн ажилтан мөн амиа алдсан гэж тэрбээр хэлсэн байна.
"Зиничев зураг авалтын багийнхантай хамтарч ажиллаж байсан зураглаачийг эргээс хальтарч, усанд унахад түүнийг аврахаар ус руу үсэрсэн боловч чулуу мөргөсөн" гэж RT агентлагийн ерөнхий редактор Маргарита Симонян "Telegram" хуудастаа бичжээ.
Энэ явдал Путоранскийн дархан цаазат газрын баруун хэсэгт тусгай хамгаалалттай газарт орших Китабо-Орон хүрхрээнд болсон байна.