БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар БНАСАУ-тай харилцаагаа бэхжүүлэхээ амлажээ

оруулсан Алсын Хараа

/Yonhap/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд улс байгуулагдсаны 73 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн илгээсэн цахилгаандаа хоёр талын харилцааг бэхжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахаа амлалаа гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

“Миний бие Нөхөр Ерөнхий нарийн бичгийн даргатай нягт харилцаа холбоотой байсаар ирсэн нь хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлж, улмаар өндөр амжилтад хүрсэн нь хоёр талын уламжлалт найрамдлын харилцааг улам баяжууллаа” гэж Ши Жиньпин цахилгаандаа онцлон тэмдэглэснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ эш татан  уламжилсан байна.

“БНХАУ-БНАСАУ-ын харилцааны хөгжлийг миний бие өндрөөр үнэлдэг бөгөөд найрамдлын харилцаа, хамтын ажиллагаагаа урт хугацаанд, тогтвортойгоор хөгжүүлэх хүсэлтэй байна” гэж уг цахилгаанд дурджээ.

“KCNA” агентлагийн мэдээлснээр, В.Путин мөн Ким Жөн Унд баярын цахилгаан илгээгээд, хоёр талын харилцааг “найрамдал, харилцан хүндэтгэх уламжлалд тулгуурлан” хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

“Мөн хоёр орон хамтын хүчин чармайлтаар бүтээлч яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг цаашид олон талаар хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, энэ нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж, Солонгосын хойгт төдийгүй Зүүн Хойд Азийн бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах нь гарцаагүй юм” хэмээн бичжээ.

АНУ-тай өрнүүлж байсан цөмийн хэлэлцээ нь урт хугацааны турш зогсонги байдалд орж, олон улсын хориг арга хэмжээнүүд эдийн засгийг нь тамирдуулж буй энэ цаг үед  БНАСАУ нь БНХАУ, ОХУ тэргүүтэй социалист орнуудтай харилцаагаа бэхжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл бичих