/Reuters/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ядуу буурай орнуудын “COVID-19”-ийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт тунг тарих хугацаагаа энэ оны эцэс хүртэл хойшлуулахыг чинээлэг орнуудад хандан уриалжээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү хүсэлтийг тавьсан байна. ДЭМБ есдүгээр сарын эцэс гэхэд дэлхийн улс орон бүр хүн амынхаа дор хаяж 10 хувийг вакцинд хамруулах зорилт тавиад буй юм.
Харин түүний мэдээлснээр, өндөр орлоготой орнуудын ойролцоогоор 90 хувь нь уг зорилтод хүрсэн бол бага орлоготой нэг ч оронд биелээгүй байна.
Мөн өндөр орлоготой орнууд “COVAX” хөтөлбөрт хандивлах амлалт өгсөн вакцины тунгийнхаа ердөө 15 хүрэхгүй хувийг нийлүүлээд буйг мэдэгдээд, “Бидэнд өөр амлалт хэрэггүй, харин вакцин хэрэгтэй байна” гэж хэлжээ.
Хөгжингүй орнууд тэргүүтэй өөр бусад улс орнууд “Дельта” хувилбарын тархалтын улмаас иргэддээ гурав дахь тун вакциныг тарихаар төлөвлөж буй юм. Үүнтэй холбогдуулан Т.Гебрейесус нэмэлт тунг энэ оны эцэс хүртэл буюу улс орон бүр хүн амынхаа дор хаяж 40 хувийг вакцинжуулах хүртэл хойшлуулахыг уриалжээ.
Өнгөрсөн сард ДЭМБ нэмэлт тунг тарих хугацааг энэ сарын эцэс хүртэл хойшлуулахыг мөн уриалсан билээ.