Монгол оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол энэ онд 255 болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Харин 2010 онд 31 удаа бүртгэгдсэнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгджээ.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт он гарснаас хойш 7 дугаар сарын 22-ны 18.00 цагийн байдлаар гэхэд 82638 удаа газар хөдөлснөөс 222 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ.
Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай аж.