/Xinhua/. Италид “COVID-19” халдварын эсрэг нийтийн дархлаа тогтоход тун ойртоод байна гэж тус улсын цар тахлын асуудал хариуцсан комиссар мэдээлжээ.
Армийн корпусын генерал бөгөөд Цар тахалтай холбоотой онцгой байдлын асуудал хариуцсан тусгай комиссар Франческо Паоло Фиглиуологийн мэдээлснээр, Италид вакцинд хамрагдах насанд хүрсэн хүн амын 80 гаруй хувь нь дор хаяж эхний тунг хийлгээд байгаа бөгөөд есдүгээр сарын эцэс гэхэд ийм тооны хүн вакцинд бүрэн хамрагдах төлөвтэй байна.
“Италид нийтийн дархлаа тогтоход тун ойртоод байна. Энэ сарын эцэс гэхэд, хүн амын 80 хувь нь вакцинд бүрэн хамрагдана” гэж тэрбээр ярьжээ. Нийтийн дархлаа гэдэг нь хүн амын хангалттай хэсэг нь аливаа халдварт өвчнийг эсэргүүцэх чадвартай болсноор тухайн өвчин хүн амын дунд тархах нөхцөл хязгаарлагдахыг хэлдэг.
Италид 19-29 насны иргэдийн 70 гаруй хувь нь вакцины эхний тунг хийлгээд байгаа нь улсын хувьд чухал үзүүлэлт юм гэж Ф.Фиглиуоло хэлсэн байна. Гэвч эмзэг бүлэгт тооцогдож буй 50-иас дээш насны 1.8 сая иргэн вакцинд хамрагдаагүй байгааг дурдаад, сэрэмжтэй байхыг мөн уриалжээ.
Италийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, энэ сарын 7-ны өдрийн байдлаар 39 сая орчим хүн вакцинд хамрагдаад байгаа нь улсын 12 болон түүнээс дээш насны хүн амын 72.2 хувьтай тэнцэж байна.