/Kyodo/. Японы Засгийн газар Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн халааг авах хүнийг сонгох парламентын ээлжит бус хуралдааныг 10 дугаар сарын 4-нд хийхээр төлөвлөж байна гэж эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.
Тийнхүү есдүгээр сарын 29-нд болох Либерал Ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд ялагчийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох талаар санал хураалт явуулна. Төлөөлөгчдийн танхимын дийлэнх олонхыг ЛАН болон түүний эвсэл “Комэйто” нам бүрдүүлж буй юм.
“COVID-19” халдвартай тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь шүүмжлэл дагуулаад буй С.Ёшихидэ Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж эхэлснээсээ хойш нэг жил хүрэхгүй хугацааны дараа огцрох хүсэлтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт гэнэт мэдэгдсэн билээ.
Хэрэв парламентын ээлжит бус хуралдааныг ирэх сарын 4-нд товловол уламжлал ёсоор шинэ Ерөнхий сайд бодлогын талаарх илтгэлээ тухайн долоо хоногтоо тавьж, дараагийн долоо хоногт нь сөрөг хүчний удирдагчдын асуултад хариулах бөгөөд ингэснээр удахгүй болох бүх нийтийн сонгуулийг 11 дүгээр сарын 7-нд зохион байгуулах боломжтой болно.
ЛАН-ын даргын сонгуульд Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио, Вакцины асуудал хариуцсан сайд Коно Таро тэргүүтэй төлөөлөгчид өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа бөгөөд дэмжлэг авах үүднээс хууль тогтоогч холбоотнуудтайгаа хэлэлцээ хийж байна.
Мөн Харилцаа холбооны сайд асан Такаичи Санаэ намын даргын сонгуулд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа лхагва гарагт болох хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэх төлөвтэй байгаа бол Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрүгийн хувьд шийдвэрээ хараахан гаргаагүй байна.
И.Шигэрүг Ерөнхий сайдын албан тушаалын төлөө өрсөлдөх хүмүүсийн нэг хэмээн үзсээр ирсэн ч тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард болсон ЛАН-ын даргын өрсөлдөөнд С.Ёшихидэ, К.Фүмио нарын араас гуравдугаарт байрт бичигдсэн юм.
Түүнд дахин нэр дэвшихийг зарим хүмүүс уриалж байгаа бол ялах магадлал нь бага хэмээн үзэж буй бусад хүмүүсийн хувьд Ерөнхий сайдын албан тушаалд тохирох хүнийг тодруулах санал асуулгуудаар тогтмол дээгүүр байр эзэлж буй К.Тарог дэмжих хэрэгтэй гэж үзэж байна.
Харин сөрөг хүчний гол нам болох Үндсэн хуулийн ардчилсан нам мягмар гарагт бүх нийтийн сонгуулийн кампанит ажлынхаа амлалтуудыг олон нийтэд танилцуулжээ. Тэд цар тахалд нэрвэгдсэн хүмүүс, бизнесүүдийг дэмжихийн тулд наад зах нь 30 их наяд иений нэмэлт төсөв боловсруулахаа амласан байна.