Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нийт 17 нэр дэвшигчийн материал хүлээн авсан талаар СЕХ-ноос өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, нөхөн сонгуульд оролцохоор 9 нам, 1 эвсэл бүртгүүлснээс Үнэн ба Зөв нам 1, Монгол Ардын нам 2, Ардчилсан нам 2, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 1, Ард түмний олонхын засаглал нам 2, "Зөв хүн-Электорат" эвсэл 1, Дэлхийн Монголчууд нам 1, Иргэний зориг-Ногоон нам 2, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам 2 хүн нэр дэвшүүлжээ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт Х.Бат-Ялалт, Б.Одхүү, Хэнтий аймагт М.Чингисхаан нар бие даан нэр дэвшихээр баримт бичгээ өгчээ. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм. Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.