Гэрлэх ёслолын ордон ес, аравдугаар сарын хуримын захиалгуудаа цуцалж байгаагаа мэдэгдлээ. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас коронавируст халдварын тархалттай холбоотойгоор Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тодорхойгүй хугацаагаар зөвшөөрөөгүй тул ийнхүү үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгджээ.
Иймд ес, аравдугаар сард гэрлэх ёслолоо хийхээр захиалга өгсөн байсан хосуудыг холбогдохыг хүсэж, уучлалт хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Ташрамд дурдахад, тус ордонд жилд 900-1,000 хос гэрлэлтээ батлуулдаг ч өнгөрсөн жилээс уг тоо буурч эхэлсэн. Тухайлбал, 2020 онд Гэрлэх ёслолын ордонд 620 орчим хурим болсон нь урьд жилүүдээсээ дунджаар 300-аар буурсан үзүүлэлт гэдгийг Гэрлэх ёслолын ордны Захиргаа хариуцсан менежер Г.Бүжинлхам хэлж байв.Энэ сард гэхэд нийт 100 орчим хос гэрлэлтээ батлуулахаар захиалга өгсөн байжээ.