Мэдээллийн технологийн “ICT EXPO” үзэсгэлэнг энэ жилээс “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний үйл ажиллагаа болгон өргөжүүлж, есдүгээр сарын 17-19-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулна.
Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд хэвийн хэвшлийн зуу гаруй компани оролцох юм.
“Нийгмийн бүх салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг боломжийг “Digital Nation-2021” бүрдүүлнэ” гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв.
Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг мөн Монголын анхны дрон үзүүлбэр, 5G сүлжээний талаар танилцуулна. Түүнчлэн, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой болж байгаа. Энэ утгаараа салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбартай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулах юм.
Цар тахлын үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ амьдралын хэв маяг нэгэнт бүрдсэнийг “Ард” санхүүгийннэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг энэ үеэр онцолж байв.
“Мобиком” корпорацын Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хэрэглэгчдийнх нь 40 гаруй хувь нь цахимаар үйлчилгээгээ авсныг дурдаад, үзэсгэлэнгийн үеэр цахим үйлчилгээг илүү хялбаршуулсан аппликэйшнүүд, 25 жилийн ойн бэлэг, урамшуулал танилцуулахаа мэдээллээ.
“IN Mobile” компанийн Маркетингийн захирал Б.Мандуул “Өнгөрсөн онд 170 гаруй мянган хүүхэд интернэтгүйн улмаас цахим хичээлдээ хамрагдаж чадаагүй статистик бий. Захын хорооллын хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээг боломжийн үнээр суурилуулахыг зорьж байна. Үзэсгэлэнгийн үеэр төр, хувийн хэвшил хамтдаа харилцаа холбоо, мэдээллийн салбарт уламжлал, шинэчлэлийг тээх заагт юу хийж болохыг харуулна” хэмээсэн юм.