Өнгөрсөн 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд нийтийн орон сууцанд гарсан гал түймэрт үндсэн оршин суугч 12, түрээслэгч нэг нийт 13 өрхийн 58 иргэн өртөж, орох оронгүй болжээ. Улмаар сумын ЗДТГ-аас Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтарсан хандивын аяныг эхлүүлээд байгаа гэнэ.
Энэ талаар сумын Засаг дарга Г.Энхтуяагаас тодруулахад, гал гарсан шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдоогүй, урьдчилсан байдлаар цахилгааны утасны гэмтлээс үүдэлтэй гэх мэдээлэлтэй байна. Барилгын тухайд 1975 онд найман айлын зориулалтаар баригдсан нэг давхар, нийтийн сууц. Галд өртөх үед 13 өрх байснаас долоон өрх байнга амьдардаг, бусад нь эзэнгүй ч айл өрхүүдийн эд хогшил нь дотроо байдаг байсан. Нийт хохирлын хэмжээг тогтоох мэргэжлийн баг ажиллаж байна. Бид эхний ээлжинд нэн шаардлагатай гурван өрхөд гэр өгч байршуулаад байна. Үлдсэн хүмүүс нь одоогоор ах дүү нарынхаа гэрт түр байгаа. Хүйтний улирал ирж байгаа учир сум орон нутгийн зүгээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх үүднээс улсын Онцгой комисс, аймаг орон нутаг болон бусад олон улсын байгууллагууд хандаж эхлээд байна гэв.