/IANS/. АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш илэрсэн коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо даваа гарагт 40 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоон мэдээлэл харууллаа.
Тодруулбал, улсын хэмжээнд даваа гаргийн байдлаар халдварын 40 003 101 тохиолдол илэрч, 648 935 хүн халдварын улмаас нас баржээ.
АНУ-ын муж улсуудаас Калифорнид хамгийн олон буюу 4 421 247 тохиолдол илэрсэн бол тус муж улсын араас Техас /3 706 980/, Флорида /3 352451/, Нью-Йорк /2 304 955/, Иллинойс /1.5 сая гаруй/ бичигдэж байна.
Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Жоржиа, Пенсильвани, Охайо, Хойд Каролина, Нью-Жерси, Теннесси, Мичиган, Аризонад халдварын нэг саяас дээш тохиолдол илэрчээ.
Дэлхийн улс орнуудаас халдвар хамгийн их тархсан улсад тооцогдож буй АНУ-д дэлхийн хэмжээнд илэрсэн халдварын нийт тохиолдлын 18 гаруй хувь, нас барсан тохиолдлын 14 орчим хувь нь бүртгэгдээд байна.
АНУ-д илэрсэн халдварын тохиолдлын тоо 2020 оны 11 дүгээр сарын 9-нд 10 сая, энэ оны нэгдүгээр сарын 1-нд 20 сая, гуравдугаар сарын 24-нд 30 саяд хүрчээ.