ЭМЯ-ны 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11.00 цагийн ээлжит мэдээллийг хүргэж байна. “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл 1 273 иргэнийг ажиглалтад авч хянасан. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авахад онош үгүйсгэгдэж, нэг тохиолдол батлагдсан” хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалмэдээллээ. Тэрбээр, “Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтод тусгаарлагдсан 3 иргэний биеийн байдал сайн байгаагаас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 10 иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарласан. Филиппин, Тайланд, ОХУ-аар дамжиж ирсэн 4, Австралиас Москвагаар дамжиж ирсэн 4 иргэн байгаа бөгөөд Шанхай, Германаас Москвагаар ирсэн 2 хүн байна. Тэднийг ажиглалтын байранд тусгаарлаад байна. Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар 72 хүнийг ажиглалтад авч, нэг хүнийг сэжигтэй гэж үзэн тусгаарлаад байна. Өчигдөр бид ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хамтран зохион байгуулсан цахим хуралд оролцсон. Монгол Улсын хувьд БНХАУ-тай адил урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний гэсэн чиглэлд анхааран ажиллаж байна. Тэдний мэдээлж буйгаар, “COVID-19” халдвар авсан хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн болон дунд зэрэг, 15 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүндээр өвчилсөн гэсэн. Мөн аль болох бөөнөөрөө цуглахаас сэргийлж байна хэмээн мэдээлэл өгсөн” гэв.
Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, “Дэлхийн 122 улсад 125 048 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 4 612 боллоо. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-д шинэ коронавируст халдварын дэгдэлтийн оргил үе дууссан гэж мэдэгдсэн. Цаашид ДЭМБ болон бусад орнуудтай хамтран “COVID-19” халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. БНСУ-д тус халдварын тоо буурж, 110 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Иран улсад 9 658 тохиолдол бүртгэгдэж, 63 хүн нас баржээ” хэмээн онцлов.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, “Европ тивд “COVID-19” халдвар өргөн хүрээтэй тархаж байна. Тухайлбал, Итали улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1 016 боллоо. Мөн халдвар авсан хүний тоо 15 113 болж 21.7 хувиар өсжээ. Европ тивийн ихэнх улсад цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хэсэгчилсэн байдалтай арга хэмжээ авч байсан бол үндэсний хэмжээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацаагаа дахин сунгаж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 26 улс , Европ тивд 13 улс боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Үүнээс гадна ресторан, үзвэр үйлчилгээний газар, зарим улсад шүүхийн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийвэр гаргасан байна. Болгар улсад нэг нас баралт бүртгэгдэж халдвар огцом нэмэгдсэн учраас үндэсний хэмжээний онцгой байдал зарлахаар Засгийн газар нь парламентдаа санал оруулаад буйгаа мэдээлсэн. Түүнчлэн АНУ-ын ихэнх муж шинээр хязгаарлалтын арга хэмжээ авч өргөтгөж байна” гэв.
Эх сурвалж: MОНЦАМЭ