Худалдааны салбарын борлуулалт 21.2 хувиар нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Худалдааны салбарын нийт борлуулалт энэ оны эхний хагас жилд 11.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (21.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Энд өмнөх оны мөн үеийнхээс хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа 22.6, шатахууны жижиглэн худалдаа 10.8, бөөний худалдаа 21.9, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа 13.5, моторт тээврийн хэрэгслийн худалдаа 52.9 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ. Мөн энэ оны 6 дугаар сард нийт борлуулалт 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 307.6 (13.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын энэ оны эхний хагас жилд 38.2 хувь нь бөөний худалдаа, 61.8 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд 7.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (17.9 хувь) их наяд төгрөгөөр, энэ оны 6 дугаар сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 187.8 (14 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Бөөний худалдааны борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 965.2 (26.9 хувь) тэрбум төгрөгөөр, энэ оны 6 дугаар сард нэг их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 119.8 (13.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Нийслэлийн худалдааны салбарын борлуулалт энэ оны эхний хагас жилд 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (21.9 хувь) их наяд төгрөгөөр, энэ оны 6 дугаар сард 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 262.7 (14 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Өмнөговь аймгийн худалдааны борлуулалт энэ оны эхний хагас жилд 329.2 тэрбум төгрөг болж, аймгуудын (Улаанбаатар хотыг оруулаагүй) борлуулалтын нийт дүнд 16.9 хувийг эзэлжээ.

Сэтгэгдэл бичих