Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хэсэгчлэн тавьсан хоригоос бүрмөсөн татгалзах хүсэлтийг ҮХЦ-д хүргүүлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, өмнөх Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар хориг тавьж, ҮХЦ-д хандсан. Учир нь дээрх хоёр хуулиар Ерөнхийлөгч ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүн, АТГ-ын даргыг санал болгож УИХ-аар томилуулдаг байх зарчмыг өөрчилсөн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар эл хоригийг хэлэлцэн шийдвэрлээд, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ хүлээн авахаас татгалзсан. Удахгүй уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болох байсан ч одоогийн Ерөнхийлөгч тавьсан хоригоос татгалзах хүсэлт хүргүүлж буйг ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээллийн үеэр тодотгов.
Тэрбээр, "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, улс төр судлаачдын хүрээнд хамгийн их маргаан дэгдээж байсан асуудал болох шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр бүрэн эрхээсээ татгалзаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хоёр чухал зүйл бий болсны нэг нь шүүхийн томилгоо болон шүүгчдэд хариуцлага тооцох механизм, тэр дундаа ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг хэн томилох вэ гэдэг асуудлаар тодорхой заалт орсон. Хоёрдугаарт, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайдын санал болгосоноор УИХ зургаан жилээр томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Өмнөх Ерөнхийлөгч дээрх хоёр заалтад хориг тавьж, Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч дээрх хоёр эрхээсээ татгалзаж байна. Ингэснээр, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд баримталж байгаа томоохон шинэчлэл өнөөдрөөс эхэлж байна" хэмээв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн шударга ёс, шүүхийн шинэчлэлийн ажлыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд, сүүлийн найман сарын хугацаанд Ерөнхийлөгчийн хориг, ҮХЦ-д өгсөн хүсэлтийн дагуу гацаад байсан хуулиудыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж буйг онцоллоо.
Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, "Хууль зүйн хувьд Ерөнхийлөгчийн институц ҮХЦ-д гаргасан хүсэлтээсээ татгалзаж буй цоо шинэ практик болж байна. ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, гаргасан хүсэлтээсээ бүхэлд нь татгалзаж болохоор тусгасан байдаг. Ерөнхийлөгч энэ заалтын дагуу хүсэлтээс бүрэн татгалзаж байгаа юм" гэдгийг онцлов.
2013 оны Шүүхийн тухай хуулиар ШЕЗ буюу шүүгчийг шилж олдог байгууллагын томилгоонд Ерөнхийлөгч оролцсоноор "шударга бусын хонгил" гэсэн яриа нийгэмд бий болсон гэдгийг тэмдэглэв. Мөн 1993 оны хуулиар Шүүхийн сахилгын хорооны гишүүний томилгоонд Ерөнхийлөгчийн институц оролцсоноор, шүүчгийг томилох, хариуцлага тооцох асуудалд илүү хамааралтай оролцож ирснийг дурдлаа. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь энэ хамаарлыг тэнцвэржүүлэх зорилготой байсныг тодотголоо.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Шүүхийн тухай хуульд, ШЕЗ-ийн 10 гишүүний 5-ыг нь шүүгчдээс, 5-ыг нь ард түмний элч буюу УИХ-аас томилдог байхаар тусгасан. Харин гэмт хэрэгтэй тэмцэх ажил Ерөнхий сайдын хамаарах асуудал тул АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байхаар Авлигын эсрэг хуульд тусгажээ.