/Kyodo/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн халааг авах хүнээр олон нийт Захиргааны шинэтгэл, “COVID-19”-ийн вакцинжуулалтын асуудал хариуцсан сайд Коно Тарог сонгож буйг “Kyodo” агентлагаас ням гарагт танилцуулсан санал асуулгын дүн харууллаа.
Энэхүү санал асуулгыг бямба, ням гарагт орон даяар түүврийн аргаар сонгосон санал өгөх эрхтэй 1071 хүний дунд утсаар явуулжээ. Ийнхүү нийгмийн сүлжээнд идэвхтэй, шударга шулуун хууль тогтоогч гэгддэг К.Таро санал асуулгад оролцогчдын 31.9 хувийн саналыг авсан бол Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрү 26.6 хувь, Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио 18.8 хувийн санал тус тус авчээ.
Тэд есдүгээр сарын 29-нд болох эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх магадлалтай хүмүүсийн тоонд багтаж байгаа бөгөөд энэхүү сонгуулиар дараагийн Ерөнхий сайд хэн болох нь шийдэгдэх юм.
К.Фүмио болон Дотоод хэргийн сайд асан Такаичи Санаэ нар намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа бол бусад нь хараахан мэдэгдэл хийгээгүй байна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн явуулсан санал асуулгаар дэмжигчдийн түвшин нь хамгийн бага үзүүлэлтэд хүрч буураад буй С.Ёшихидэ удахгүй болох намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ баасан гарагт мэдэгдсэн юм.
С.Ёшихидэгийн огцрох шийдвэрийн тухайд, санал асуулгад оролцогчдын 56.7 хувь нь түүнийг огцорно хэмээн таамаглаж байсан гэж хариулсан бөгөөд түүний Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байгаагаа 56.3 хувь нь илэрхийлжээ.
Ням гарагт өндөрлөсөн Токиогийн Паралимпын тухайд, санал асуулгад оролцогчдын дийлэнх олонх нь “COVID-19”-ийн улмаас нийслэл хотод онцгой байдал тогтоогоод байгааг үл харгалзан наадмыг зохион байгуулсныг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тодруулбал, тэдний 69.8 хувь нь наадмыг урьдчилан төлөвлөсний дагуу явуулсанд баяртай байгаагаа илэрхийлсэн бол 26.3 хувь нь сайшаахгүй байна гэж хариулсан байна.
Мөн санал асуулгад оролцогчдын 67.1 хувь нь энэхүү наадам нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. “Kyodo” агентлагаас өмнө нь явуулсан санал асуулгуудаар Токио тэргүүтэй бусад бүс нутагт коронавирусний тархалтыг хяналтад авахад хүндрэл учраад буй үед Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулж буйд ихээхэн санаа зовниж буйгаа олон нийт илэрхийлж байсан юм.
Үүнээс гадна энэ удаагийн санал асуулгаар С.Ёшихидэгийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин хамгийн бага буюу 30.1 хувьд хүрч буурсан байна. Энэ нь наймдугаар сарын дунд үеийнхээс 1.7 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн санал асуулгад оролцогчдоос Төлөөлөгчдийн танхимын сонгуульд пропорциональ тогтолцооны дагуу аль намд саналаа өгөхөөр төлөвлөж байгаа талаар лавлахад, 43.4 хувь нь Либерал Ардчилсан нам, 17.3 хувь нь сөрөг хүчний гол нам болох Үндсэн хуулийн ардчилсан намд саналаа өгнө гэж хариулжээ. Бусад намын хувьд, 5.7 хувь нь Коммунист намд, 5.6 хувь нь Иннавацын намд, 5.2 хувь нь Либерал Ардчилсан намын эвсэл "Комэйто" намд саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн байна.