Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гарцтай болж байна

оруулсан Алсын Хараа

Манай улсын нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах ажил 2021 оны долоодугаар сарын 06-ны өдрөөс эхэлсэн билээ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлж шуурхай болгох,  эдийн засгийн өгөөжийг өсгөхөд нөлөө үзүүлэх тээвэр логистикийн стандартад нийцсэн томоохон гарцтай болох зүй ёсны шаардлага манайд бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын боомтын чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалт хийгдэж дуусчээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 236 километр зайд буюу тус боомтын зурвас газар болох нийт 30 га талбайд уг терминалыг байгуулаад байна.

Чингэлэг тээврийн терминалыг байгуулснаар хилийн нэвтрэлт нэмэгдэж, нүүрсний экспорт өсч, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтай. Хамгийн чухал нь, дараалалд олон хоног зогсох жолооч нарын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн хоёр улсын хил хооронд богино рейсээр нүүрс тээвэрлэснээр экспорт одоогийнхоос жилд 10 сая тонноор нэмэгдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэх тооцоо судалгаа гарчээ.

Дээрх бүтээн байгуулалтын хүрээнд боомтын зурвас 30 га талбайн хөрсийг хуулж нягтруулан, улмаар уг талбайд 20 сантиметрийн зузаантай 2 үе том болон жижиг ширхэглэлтэй хайрган хучилт хийж нягтаршуулжээ. Мөн барилга байгууламжийн хүрээнд гаалийн хяналтын бүс болон хилийн цэргийн хашаа барьж, ариутгалын төхөөрөмж суурилуулан, талбайн гэрэлтүүлгийг шийдээд буй. Түүнчлэн барилга байгууламжуудын цэвэр бохир усны шугам хоолой, нөөцийн сав, ус цэвэршүүлэх төхөөрөмж болон бага оврын цэвэрлэх байгууламжийг барьснаас гадна 40 метрийн урттай 250 тоннын даацтай 4 ширхэг электрон автожин операторын байрны хамт угсарч суурилуулжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” ХХК зохион байгуулж, туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн хоёр сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Уг төслийг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулжээ.

Харин хилийн Шивээхүрэн боомтод барих чингэлэг тээврийн терминалыг 11.6 га талбайд  шийдэж байгаа аж. Тус төсөлд 8 аж ахуйн нэгж оролцож, одоогийн байдлаар газар шорооны ажил 50 орчим хувьтай байна. Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын хүрээнд гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байгаа билээ.

Манай улсын эдийн засаг экспортын орлогоос ихээхэн хамааралтай учраас цар тахлын сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой ажлуудыг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай тулгарч буй. Тийм ч учраас үүнтэй холбоотой ажлуудыг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тухайлбал, УУХҮЯ-ны зүгээс 2020 оны арваннэгдүгээр сард Боомтын зөвлөлд чингэлэг тээврийн терминал байгуулах тухай санал оруулж, мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр Шивээхүрэн боомтод нэмэлт гарц барих асуудлыг хөндөж хэрэгжүүлсэн юм. Энэ ажлууд судалгааны түвшинд хэрэгжиж, улмаар Монгол Улсын Засгийн газрын 185 дугаар тогтоол 2021 оны долоодугаар сард гарснаар хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах шийдвэр гарч, шуурхай хэрэгжүүлэх үүргийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд даалгасан юм. Нэг ёсондоо, цар тахлаас үл хамаарч нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гарц нь хилийн боомтуудад Гаалийн хяналтын бүс-Чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хэмээн үзэж, төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд яаралтай байгуулахаар болсон. Энэ хүрээнд нүүрсний экспортыг голлон бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулахаар болж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн билээ.

Ташрамд дурдахад, Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5 хувийг бүрдүүлж байна. Манай улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8,666.7 тэрбум төгрөг болсон. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,813.5 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1.729.2 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн үзүүлэлт.

Манай улс энэ онд 28.7 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ төлөвлөгөөг эхний найман сарын үзүүлэлтээс харахад 40 орчим хувьтай гарсан ч, 472.1 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн нь 55 хувийн хувийн биелэлттэй байна. Өөрөөр хэлбэл, экспортын биет хэмжээ буурсан ч, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа нь манай улсын эдийн засагт эергээр нөлөөлөөд буй.

Нүүрсний экспортын биет хэмжээ буурсан шалтгаан нь дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахлын нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд БНХАУ-ын талаас хилийн боомтуудад хязгаарлалт тавьж байсантай холбоотой. Хамгийн сүүлд, наймдугаар сарын сүүлээр гэхэд цар тахлын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал тавьж, нүүрсний экспорт тасалдахад хүрч байв. Харин хоёр тал тохиролцсоны үндсэн дээр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг тээврийн хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар /2021.08.31-09.04/ тус боомтоор нийт 860 орчим автомашин хилээр нэвтэрч, 108.870 мянган тонн нүүрс гаргаад байна.

Сэтгэгдэл бичих