Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төсөл хэрэгжүүлж, Сонгинохайрхан дүүргийн VI хорооны Ханын материал орчмын 4 га газарт 712 айлын орон сууц барина.
Тэдгээрийн 142 айлын орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол, 740 ам метр худалдаа үйлчилгээний хэсэг, эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан 300 ам метр төв, 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэг барих аж.
“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулав. Эдгээр барилга, байгууламж нь төвлөрсөн хангамж, үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байх талаар НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн, дэмжлээ.