Цагаан давааны хогийн цэгт одоогоор найман га талбайн хогийг ландфил технологиор дарж, булаад байна.
Нийт 22 га талбайг хог хаях зориулалтаар ашиглан, өдөрт 1.5-2 тонн хог хаядаг. Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн дөрвөн га талбайг 2020 онд, дахин дөрвөн га талбайг энэ онд гээд нийт найман га талбайг нөхөн сэргээж зүлэгжүүллээ. Энд 5 метр урт, 1 метр диаметртэй, агаар сэлгэх боломжтой 33 метан хий зайлуулах бетонон хоолойг суурилуулж, 70-100 см шороон хөрсөн хучилт хийн олон наст зүлэг тарьжээ. Нөхөн сэргээсэн талбайг хогийн цэгээс тусгаарлахын тулд 3 метр өндөр, 360 метр урт төмөр торон хашааг барьсан байна.
Нөхөн сэргээсэн талбайд хатуу хучилт хийж, томоохон барилга байгууламж барих боломжгүй, хөнгөн чанарын байгууламж барих зэргээр ашиглах боломжтой. Энэ талаар УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Нөхөн сэргээсэн талбайд хогийн цэгээс ялгарч буй метан хий зайлуулах хоолой байрлуулсан. Ингэснээр хогоос ялгарч буй метан хий цуглуулах, цугларсан хийг устгах, ахуйн газ үйлдвэрлэх судалгаа хийх боломжтой. Нөхөн сэргээсэн талбайдаа ахуйн газ үйлдвэрлэх үйлдвэр байгуулах чиглэлээр БНСУ-ын Байгаль орчны байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн нарны панелиудыг байрлуулан эрчим хүчний эх үүсвэр бий болгох боломжтой” хэмээжээ.
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгүүд тус бүрдээ 90 га талбайг эзэлдэг. Хогийн цэгийг тойруулан ландфил хийсэн хэсгүүдэд хог дахин боловсруулах жижиг дунд үйлдвэр байгуулах төлөвлөгөө гаргажээ. Хувийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, Нарангийн энгэрийн хогийн цэгт Хуванцар дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулжээ. Харин Цагаан давааны хогийн цэгт БХБЯ-наас улсын төсвийн хөрөнгөөр хог ангилан, ялгах өндөр хүчин чадалтай автоматжуулсан үйлдвэр барьж байна. Тус үйлдвэр энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах аж.
“Цаашид хогоо дарж булдаг биш, дахин боловсруулдаг үйлдвэрүүдийг бий болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн бүрийг хогоо ангилж хаядаг болгохын төлөө ажиллан, хог дахин боловсруулах үйлдвэрийг олноор нь бий болгох шаардлагатай” хэмээн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг онцолж байлаа.
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морин давааны төвлөрсөн гурван том хогийн цэгт нийслэлийн зургаан дүүргээс гарч буй хог хаягдлыг хүлээн авдаг. Улаанбаатар хотын ЗАА 2020 оноос Нарангийн энгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээж эхэлсэн. Нарангийн энгэрийн хогийн цэгт 16 га талбайг хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээн, зүлэгжүүлжээ.