/АFP/. Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Саади Триполи хотын шоронгоос суллагдсан даруйдаа Турк руу ниссэн тухай "Libyan Observer" сонин мэдээлэв.
Саади хэдэн жилийн өмнө гаргасан "шүүхийн шийдвэрийн дагуу шоронгоос суллагдсан" гэж Ливийн Хууль зүйн яаман дахь эх сурвалж Франс-Пресс агентлагт мэдээлжээ. Эх сурвалжийн хэлснээр, "шаардлагатай бүх нөхцөл хангагдсан" даруйд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүсэлтийг Ерөнхий прокуророос гаргасан байна.
2011 онд Муаммар Каддафийн дэглэм унасны дараа түүнийг болон түүний төрөл төрөгсдийг ангуучилж эхэлсэн юм. Саади тухайн үед Нигер улс руу зугтсан боловч 2014 онд түүнийг Ливийн шинэ эрх баригчдад шилжүүлэн өгчээ.
Саади Каддафи 1973 онд төрсөн бөгөөд мэргэжлийн хөлбөмбөгчин байжээ. Тэрбээр Ливийн аварга шалгаруулах тэмцээний 2001/02 оны улирлын шилдэг довтлогч болж байсан бол 2003-2007 онд Италийн клубүүдэд тоглож байсан ч ердөө хоёр удаа талбайд гарсан байна. Саади 2011 онд жагсагчдын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, 2005 онд Ливийн хөл бөмбөгийн дасгалжуулагч Башир аль-Раяниг хөнөөсөн хэргээр шоронд орсон юм. 2018 онд шүүх хүн амины хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.