/NHK/. Японы нийслэл Токио хотноо зохион байгуулсан Паралимпын наадам дуу хөгжим, бүжиг, урлагийн тоглолтоос бүрдсэн гайхалтай ёслолоор өндөрлөлөө. Энэхүү наадамд дэлхийн 162 улс орон, нутаг дэвсгэрийн 4400 орчим тамирчин оролцсон нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.
Хаалтын ёслолын үеэр тамирчид улс орныхоо далбааг барин жагссан бөгөөд энэхүү жагсаал дүрвэгсдийн багийнхнаар эхэлжээ. Түүнчлэн наадамд оролцохгүй байхаар шийдвэрлээд байсан ч хурд хүчээ сорьсон Афганистаны тамирчид ч мөн жагссан байна. Энэхүү наадмын нээлтийн ёслолын үеэр Афганистаны далбааг сайн дурын ажилтан барин жагссан юм.
Паралимпын хаалтын ёслолын үеэр бүжигчид хүмүүсийн ялгаатай байдал, эв нэгдлийг харуулсан бүжгийн үзүүлбэр толилуулжээ. Тийнхүү Токио хотын захирагч Паралимпын далбааг Олон улсын паралимпын хорооны тэргүүнд шилжүүлэн өгч, улмаар Парис хотын захирагчид хүлээлгэн өгчээ.
2024 оны наадам Францын нийслэлд зохион байгуулагдах юм. Иймд хаалтын ёслолыг Гэрлийн хот гэгддэг Парист шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд Эйфелийн цамхагийн ойролцоо олон хүн цугларсан байв. Тэдний дунд Токиогийн наадмаас медаль хүртсэн тамирчид ч мөн зогсож байжээ.
Хаалтын ёслол дуусах мөчид Паралимпын бамбарыг бөхөөж, хотын төвд орших Токио цамхагийн оройд “аригато” буюу “баярлалаа” хэмээх үгийг тод томруунаар бичин үзүүлсэн байна.