Дэлхийн улс орнуудад короновирус хэрхэн тархав

оруулсан Алсын Хараа

2020.03.13

“COVID-19” халдвар Гана, Гайана, Сент-Винсент, Тринидад ба Тобагод шинээр бүртгэгдсэнээр халдвар илэрсэн улс орон, нутаг дэвсгэрийн тоо 127 болов. /ВАШИНГТОН. /Worldometers/.

БНХАУ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөл өчигдөр /2020.03.12/ хэвлэлийн бага хурал хийн “Шинэ төрлийн коронавирусийн тархалтын оргил үе дууссан” гэж мэдээлжээ. Хурлын үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, орлогч дарга Ми Фенчэн “Гуравдугаар сарын 11-ний өдрийн 24 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрсэн байна. Ухань хотоос бусад мужид нэг долоо хоногийн хугацаанд долоон шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд үүнээс зургаа нь гадаадын хилээр нэвтэрсэн иргэд байгаа юм. Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна.

Үүнээс үзэхэд БНХАУ-д коронавирусийн халдварт өвчний тархалтын оргил үе дууссан гэж дүгнэж болохуйц байна” гэжээ. БНХАУ-д өнөөдрийн байдлаар /2020.03.13/ коронавирусийн дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 62800 хүн эдгээд байна.

БНСУ. Тус улсын хувьд нэг өдрийн дотор “COVID-19” халдварын 114 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан нийт хүний тоо 7979 болж, 117 хүн эдгэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /KCDC/ мэдээллээ.

Баасан гаргийн 00.00 цагт KCDC-ээс өгсөн мэдээллээр, шинэ тохиолдлуудын 61 нь Дэгү хотод, 13 нь нийслэл Сөүлд, 17 нь Сежан хотод, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгдсэн байна. Нас барсан хүний тоо 67 болж нэмэгдсэн бол 117 өвчтөн эдгэрснээр эмнэлгээс гарсан нийт хүний тоо 510 болжээ. Одоогийн байдлаар 17 940 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. Нийслэл Сөүл хотод халдвар авсан нийт хүний тоо 225, Дэгүд 5928, Умард Гёнсан мужид 1147, Бусан хотод 100 болжээ. БНСУ-д халдварын нийт тохиолдлын 4700 орчим /60.5 хувь/ нь Шинчонжи сүмтэй холбоотой байна.

ОХУ. Коронавирусийн халдварын 6 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Халдвар Москвад байдаг 3 иргэнээс, Краснодарийн хязгаарт байдаг 1 иргэнээс илэрсэн тухай коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх шуурхай штаб мэдэгдсэн байна. ОХУ-д одоогоор коронавирусний халдварын нийт 34 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 31 нь хилийн чанадаас эх орондоо эргэн ирсэн ОХУ-ын иргэд байсан бол 2 нь БНХАУ, 1 нь Италийн иргэн байжээ. Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар коронавирусийн халдварын 19 тохиолдол Москва хотод бүртгэлтэй байна.

Испани. Халдварын улмаас нас барсан хүний тоо пүрэв гаргийн оройны байдлаар 84-д хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Лхагва гарагт уг тоон үзүүлэлт 48 байсан юм. Мөн халдвар авсан хүний тоо 2968 болсон нь өмнөх өдрийнхөөс 800 гаруйгаар өсжээ. Мадридын бүс нутагт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж, 1000 гаруй хүн халдвар авч, 31 хүн нас барсан байна. Мадрид хотод музей, кинотеатруудыг хааж, спортын тэмцээнүүдийг цуцалжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өдөр тутам цэвэрлэгээ хийж байгаа ажээ.

Мөн Мадридын олон сургуулийн сургалтыг хэдийн зогсоосон бол өнөөдрөөс эхлэн Баск, Каталон дахь сургуулиудын үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаагаар түр зогсоохоор болжээ. Испанийн Засгийн газрын мэдээлснээр, нэгэн эмэгтэй сайдаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Педро Санчез тэргүүтэй танхимын бүх гишүүн болон Фелипе хаан, Летизиа хатнаас шинжилгээ авчээ.

Иран. Коронавирусээр халдварласан хүний тоо 10075-д хүрч, 429 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч пүрэв гарагт мэдээлжээ. Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жаханпурын мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар халдвар авсан 3276 хүн эдгэрсэн боловч сүүлийн 24 цагийн дотор 75 хүн нас барсан байна.

Иранд халдварын тархалтыг хязгаарлах үүднээс сургуулиудын сургалтыг зогсоох, шашны цуглаануудыг цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа ажээ. Мөн Ираны Төв банк халдварын тархалттай тэмцэхэд зориулан таван тэрбум ам.долларын зээл олгохыг Олон улсын валютын сангаас хүссэн байна.

 

Сэтгэгдэл бичих