Орхон голд суусан автомашинаа гаргах гэж байгаад осолдсон иргэнийг эрэн хайж байна

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн хоногт хоёр иргэн гол, усанд осолдсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд байрлах Талын буйр гэдэг амралтын газраас иргэн Х наймдугаар сарын 31-ний өдөр сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийнхэн болон “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагаа явуулжээ.

Ингэхэд Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт 77 км-т, Ялалт 2 дугаар багийн нутаг “Хулст” нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж, толгойн хэсэг ил гарсан байдалтай байсныг олж цогцсыг сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мөн Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт 44 настай, эрэгтэй “Норд Бенз Хово” загварын автомашин нь Орхон голд хазайгаад орчихсон байсныг холбож гаргах гэж байгаад урссан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн аж.

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар ахиу хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Иймд:

  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих