Хакүхо намрын аки башёд барилдах уу?

оруулсан Алсын Хараа

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал өчигдөр/2021.09.02/ Covid-19-ийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан ч удахгүй эхлэх намрын башёд барилдах эсэх нь эргэлзээтэй байна. Аваргатай нэг дэвжээнд харьяалагддаг залуу бөх Хокүсэйхо саяхан халдвар авсан нь батлагдсан. Үүний улмаас Мияагино дэвжээнийхэн бүгд шинжилгээ өгч, сөрөг гарчээ. Гэвч сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу башё эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө дэвжээнээс нь нэг л хүн халдвар авбал бүтэн дэвжээгээр нь барилдуулахгүй гэжээ.

Аки башё есдүгээр сарын 12-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ.

Хакүхо энэ оны эхний гурван башёг өнжсөн ч долдугаар сарын башёд эргэн ирж, нэг ч унаагүй түрүүлэн 45 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртсэн билээ.

Сүмогийн холбооны хэвлэл мэдээллийн албаны дарга Шибатаяагийн хэлснээр холбооныхон ойрын өдрүүдэд хуралдаж, Мияагино дэвжээний бөхчүүдийг башёд барилдуулах эсэхийг шийдэх гэнэ. Шибатаяама “Бид нөхцөл байдлыг хянаж, юу болохыг нь хүлээцтэй харна. Түүнээс өмнө юу ч хэлж чадахгүй” гэжээ. Мөн түүний хэлснээр халдвар залуу бөхийн биеийн байдал тогтворгүй байгаа аж.

Сэтгэгдэл бичих