“Монгол тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт хэлхээ маркийг нээх ёслол өнөөдөр Соёлын яаманд болов.
Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын үсэг зурж, тамга даран анхны өдрийн дугтуйг баталгаажуулснаар дээрх шинэ маркууд Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрч байгаа юм.
Энэ үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Энэ жил Монголын тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож байна. Түүхэн ойд зориулсан “Монгол тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт хэлхээ марк нь Монголын түүхийг ирээдүй хойч үед мөнхлөн үлдээж буй үнэт зүйл бөгөөд төрт ёс, тусгаар тогтнол, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлалыг хослуулсан бүтээл болж чаджээ” хэмээн онцлов.
"Монгол тулгар төр-2230 жил" хэлхээ маркны эхнийхэд 2011 онд археологийн малтлага судалгаагаар Хүн улсын хаан шаньюйн хэрэглэж байсан сүйх тэргэнд хөллөж байсан морины чимэглэл болох нарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэрсийн дүрс бүхий алтан чимэглэл, хоёрдугаар марканд 2019 онд малтан шинжилсэн 189-р булшнаас илэрч олдсон хос мөнгөн луу, гуравдугаар марканд сарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэлгэт гөрөөсний дүрс бүхий мөнгөн чимэглэлийг дүрсэлж эдгээр олдворын арын дэвсгэрийг Хүн улсын үеийн алт, мөнгөн гоёл чимэглэл дээрх хээ угалзуудаар суурь болгожээ.
Тус маркийг бүтээхэд Улаанбаатарын их сургуулийн Түүх-археологийн тэнхимийн эрхлэгч, доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар, зураач Б.Хонгорзул нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, холбогдох материалын туслалцаа үзүүлсэн бол маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллажээ.
Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар хэлэхдээ, “Хэдийгээр бид албан ёсоор 2230 жил гэж байгаа ч бидний түүх цаашид лавширч, 3500 жилийн өмнө анхны төрт улсаа байгуулсан сүүлийн үеийн баримт сэлт гарч ирж, илэрч олдож байна. Тиймд дараагийн маркан дээр байх Монголын төрт ёсны он цаг дахин урагшлах ирээдүй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” гэсэн юм.
"Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт блок марканд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, Ардын засгийн газрын тэргүүн Д.Бодоо, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан нарыг морьтойгоор дүрсэлсэн байна. Блокны чимэглэл хэсэгт Ардын журамт цэргүүд хүрээнд орж ирсэн үе, Монгол Ардын намын журамт цэргийн жанжин туг, Ардын журамт цэргийн туг, дун үлээж буй морьт цэрэг, Богд хааны төрийн Шар ордон, Мэгжид Жанрайсиг бурхны сүм, Өндөр хоршоо, МАН-ын төв хороо, Ардын Түр Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан байр /одоогийн Улаанбаатар хотын музей/ зэргийг дүрслэн харуулжээ.
Соёлын яамнаас 2020 оны 9-10 дугаар сард “Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх” уралдааныг дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж 14 уран бүтээлчийн 36 бүтээл иржээ.