“COVID-19”-ийн гарал үүслийн судалгаанд дэлхий дахинаас сорьц цуглуулж ашиглах хэрэгтэй

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. “COVID-19” халдварын гарал үүслийн судалгааг коронавирусний халдвар 2019 онд дэгдэж эхлэхээс өмнө дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан лабораторийн сорьцод тулгуурлан хийх хэрэгтэй гэж Мозамбикийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Эдуардо Само Гудо хэлжээ.

“Дэлхийн янз бүрийн бүс нутаг дахь лабораториудад сүүлийн гурав юм уу дөрвөн жилийн хугацаанд хадгалагдсан сорьцуудад дүн шинжилгээ хийх нь ихээхэн ач холбогдолтой юм” гэж Э.Гудо “Xinhua” агентлагт саяхан ярилцлага өгөх үеэрээ ярьжээ. Түүнчлэн амьтдаас цуглуулсан сорьцыг ч мөн судлах хэрэгтэй хэмээн нэмж хэлсэн байна.

Харин энэ чиглэлийн судалгааг улстөржүүлбэл бодит үнэнийг хэзээ ч олохгүй байж магадгүй гэдгийг онцлон тэмдэглээд, шинжлэх ухааныг улстөржүүлсэн тохиолдолд бид шинжлэх ухааны бүх агуулга ойлголтоо алдаж, улмаар шинжлэх ухаанч үндэслэл нотолгоонууд мартагдахад хүрнэ гэжээ.

Аливаа халдварын анхны тохиолдол нэг улсад илэрсэн урьдын жишиг олон байгаа ч зоонозын буюу мал, амьтнаас хүнд халдварлах өвчний хувьд өөр улсад бүртгэгдсэн байх нь хэвийн үзэгдэл юм гэж Э.Гудо тайлбарласан байна. Тэрбээр үргэлжлүүлэн, “Өнөөгийн цаг үед энэ асуудлыг улстөржүүлэхгүй байх нь хамгийн чухал байна. Халдварын гарал үүслийг судлах нь улс төрийн асуудал бус шинжлэх ухааны ажил юм” гэж ярьжээ.

Сэтгэгдэл бичих