2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрны барилга ашиглалтад орлоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал 2700 ороор, сургуулийн хүчин чадал 5900 суудлаар нэмэгдэж байна.
Улаанбаатар хотод 2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих боловсролын байгууллагын нийт 152 төсөл, хөтөлбөр бий. Үүнээс 112 сургууль, цэцэрлэгийн барилга он дамжин хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан мэдээллээр энэ онд 57 цэцэрлэг, 32 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн есөн цогцолбор, хоёр спорт заал, нэг насан туршийн боловсролын төв, нэг дотуур байр, нийт 102 барилга ашиглалтад орох урьдчилсан төлөвлөгөөтэй байна.
Монгол Улсын 2021 оны төсөвт дөрвөн сургууль, 10 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, нэг спорт заал, нийт 16 барилга, байгууламж шинээр барих хөрөнгө баталсан. Харин Хан-Уул дүүрэг 2021 оны орон нутгийн төсөвтөө гурван цэцэрлэг шинээр барих хөрөнгө баталжээ. 2021-2022 оны хичээлийн жилд БШУ-ы сайдын тушаалын дагуу гурван ээлжээр хичээллэж болзошгүй байсан найман сургуулийн ойр орчмынх нь сургалтын зориулалтаар ашиглаж болох 10 байрыг түрээслэх замаар 107 бүлгийн 4511 хүүхдийг, 13 байрыг түрээслэх замаар 11 цэцэрлэгийн 49 бүлгийн 1165 хүүхдийг хамруулаад байна.
Ташрамд дурдахад, энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 280 сургуульд 331.560 сурагч хамрагдаж байна. Үүнээс нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн суралцаж байгаа юм. Харин албан бус насан туршийн боловсролын найман төвд 910 гаруй сурагч суралцаж буй.