Монголбанк он гарсаар 4.9 тн үнэт металл буюу 3.2 тн алт, 1.7 тн цагаан мөнгө худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авснаас 3.7 тонноор өссөн үзүүлэлт юм.
Үнэт металлын худалдан авалт өсөхөд дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн, өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцон суутган авч байсан, он гарсаар дотоодын аж ахуйн нэгжээс 1.7 тн цагаан мөнгө худалдан авсан зэрэг өөрчлөлт нөлөөлжээ.
Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах 1 гр алтны дундаж үнэ хоёрдугаар сард дунджаар 140,292.94 төгрөг байв. Харин гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар зарласан үнэ 1 гр алт 147,096.92 төгрөг, 1 гр мөнгө 1,492.43 төгрөг байна.
Мөн Монголбанк нь ирэх сараас Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн нэг унцын мөнгөн гулдмай, мөн 1000 грамм мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) тус тус жинтэй, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэдийн хүсэлтээр худалдаалахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна.
Ингэснээр дотоодын зах зээл албан ёсны бүртгэлтэй үнэт металлын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаар ашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уран дархчууд гарал үүсэл нь тодорхой цагаан мөнгөөр гоёл чимэглэлийг зүйлс урлах боломжтой болж байгаа юм байна.
Монголбанк