“Зөв хүн Электорат” эвслээс Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр болжээ. Энэ талаар ХҮН-ын дарга Т.Доржханд, “Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд 9 нам, 1 эвсэл өрсөлдөнө. Манай эвслээс чадвар, мэдлэг, ажлын туршлагыг нь үндэслэн Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр сонгосон” гэв.
Харин Хэнтий аймагт болох тус эвслээс хүн нэр дэвшүүлэхгүй бөгөөд ёс зүйтэй хувь хүн, эсхүл намыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Нэр дэвшигчид энэ сарын 6-нд СЕХ-нд материалаа хүргүүлэх юм. СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн эсэх шийдвэрээ гаргах бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм. Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.