УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөх сонгуульд Э.Бат-Үүл, 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөх сонгуульд Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр батламжилсан тухай Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэв.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээллийн үеэр, "Ардчилсан намын ҮБХ-ноос хоёр хүнийг нөхөх сонгуульд нэр дэвшүүлэхдээ, үзэл санаа, үнэт зүйлийн зарчмаа худалдаагүй, тууштай зогсож буй хүмүүсийг сонгосон. 1992 оны ардчилсан Үндсэн хууль авлигач, хулгайчдын засаглалыг сонгоогүй, хуулийн засаглалтай Монгол Улс байх зарчмыг сонгосон. Тэгвэл өнөөдөр авлигач дарга нарын засаглал бий болжээ. Үүнийг бид нурааж, шинэ дарга ангийг хална. Ардчилсан нам 1990 оны хувьсгалыг шинэ хэв маягаар хийх цаг ирсэн. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Унтаа байдалд орсон нийгмийг өөрчлөхийн эхлэл нь нөхөх сонгууль юм" хэмээн тэмдэглэв.
Нам, эвслээс нэр дэвшигчид энэ сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн эсэх шийдвэрээ гаргах бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ.