Ховд аймгийн Мөст, Мөнххайрхан, Алтай, Үенч суманд малын гоц халдварт “шүлхий” өвчин гарсан тул тархалтыг хумих, ариутгал халдваргүйтгэл хийх ажил үргэлжилж байна.
Энэхүү дөрвөн сумын хорио цээрийн дэглэм тогтоосон голомтод наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 4500 гаруй толгой мал шүлхий өвчнөөр өвчлөөд байна.
Одоогийн байдлаар аймаг, сум орон нутгийн мэргэжлийн байгууллага, мал эмнэлгийн тасаг, нэгжүүд хамтран шүлхий өвчний халдварын голомтыг таслан зогсоох, ариутгал хийх ажлыг хоёр дахь удаагаа хэрэгжүүллээ.
Улмаар голомтын бүсэд буй 104 малчин өрхийн тэмээ, үхэр, хонь, ямаа гээд нийт 52300 гаруй толгой малыг ариутгал халдваргүйтгэлд хамруулжээ.
Цаашид шүлхий өвчин гарсан дөрвөн сумын 687.1 мянган толгой малыг вакцинд хамруулахаар төлөвлөж, холбогдох газарт хүсэлт илгээсэн байна. Ингээд бэлтгэл ажил хийснээр eсдүгээр сарын 5-ны өдрөөс вакцин нийлүүлэгдэхээр байгаа аж.
Онцлоход, Ховд аймгийн Булган суманд 948 толгой мал шүлхий өвчнөөр өвчилж, мэргэжлийн байгууллагууд, сум орон нутгийн иргэд хамтран халдварын тархалтыг бүрэн зогсоожээ.