/Yonhap/. БНСУ-д коронавирусний илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тохиолдлын тоо олноор нэмэгдэж буйтай холбоотойгоор өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо дахин 2000 давжээ.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2024 тохиолдол илэрснээс 1992 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 253 445-д хүрсэн байна.
Энэ нь өмнөх өдрүүдийнхтэй харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт болсон бөгөөд даваа гарагт 1487, мягмар гарагт 1372 хүнээс халдвар илэрсэн юм. Ийнхүү өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн 57 хоног дараалан 1000 даваад байна.
“COVID-19” халдварын тохиолдлын тоо амралтын өдрүүдээр буурдаг бол долоо хоногийн дундуур шинжилгээ өгөх хүмүүсийн тоо нэмэгддэгтэй зэрэгцэн өсөж, 2000-д хүрэх болжээ. БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд долоон хүн халдвараар нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 2292-т хүрчээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, наймдугаар сарын 22-28-нд “COVID-19”-ийн хувилбаруудаар халдварласан 3455 тохиолдол илэрсний 99.2 хувь нь “Дельта” хувилбарар халдварласан байна.
Үүнээс гадна БНСУ “Лямбда” хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс есдүгээр сарын 10-наас эхлэн Перу, Чили улсаас ирэх иргэдэд тавих хязгаарлалтуудыг чангатгаж, тусгаарлах байранд долоо хоног тусгаарлагдах шаардлага тавихаар төлөвлөж байна.
Мөн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэ сарын 18-22-нд болох баярыг угтан халдвараас урьдчилан сэргийлэх нэмэлт хязгаарлалтуудыг энэ долоо хоногт танилцуулах төлөвтэй байна. Энэхүү баярын үеэр олон сая иргэн гэр бүл, хамаатан садантайгаа уулзахаар орон даяар аялдаг юм.
БНСУ-д өнөөдрийн байдлаар 29.27 сая хүн буюу хүн амын 57 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 15.74 сая хүн /30.7 хувь/ вакцинд бүрэн хамрагджээ. Тус улс нь ирэх 11 дүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг нэг тун вакцинаар дархлаажуулж, нийтийн дархлаа тогтоох зорилт тавиад байгаа билээ.